Обамаг айлчлахын өмнө долоон тэрс үзэлтэнд гадаадад зорчихыг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМЕХИКО. /TASS/. Гуравдугаар сарын сүүлээр товлосон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Куба улсад хийх анхны айлчлалын өмнө арлын тус улсын эрх баригчид долоон тэрс үзэлтэнд гадаадад аялахыг зөвшөөрчээ.
Хорих ялыг нь тэнсэн харгалзах ялаар сольсон, Кубын дэглэмийг эсэргүүцэгч 11 хүнээс бүрддэг бүлгийн тухай энд яригдаж байгаа аж. Венесуэлийн “El Universal” цахим хуудсанд мэдээлснээр, Кубын Дотоод хэргийн яам тэдний зөвхөн долоог нь дуудаж тэдэнд олгосон боломжийг дуулгасан байна.
“Энэ нь эрх баригчдын Обамад барихыг хүссэн бэлэг болж таарч байна. Гэхдээ энд юу ч тодорхой биш бөгөөд эцсийн дүндээ бид эргэн ирэхдээ дахиад л эрх баригчдын хараанд орно” гэж гадаадад зорчихыг зөвшөөрсөн тэрс үзэлтнүүдийн нэг болох Марта Беатрис Роке ярьжээ.
Обама гуравдугаар сарын 21-22-нд Кубад айлчилж, тус улсын удирдагч Рауль Кастротой уулзана. Тэрбээр айлчлалынхаа үеэр Вашингтон болон Гавана хоорондын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэнэ гэж Цагаан ордон мэдээлжээ. Америкийн Ерөнхийлөгч мөн Кубын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэгч тэрс үзэлтнүүдтэй уулзана гэж түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Бен Родс урьд нь мэдээлсэн билээ.
Д.Жаргал