Сирид гал зогсоох дэглэмийг дэмжих тогтоолыг НҮБ баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. Баасан гарагийн орой эхэлсэн Сирид гал зогсоох дэглэмийг дэмжих зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол баталсан байна.
ОХУ, АНУ-ын санаачилсан уг баримт бичгийг Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орон санал нэгтэйгээр баталжээ.
Гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаагаа Сирийн Засгийн газрын хүчин болон сөрөг хүчин ОХУ, АНУ-д мэдэгдсэн гэж тогтоолд дурдсан байна. Үүнтэй холбогдуулан өгсөн амлалтаа биелүүлж, энэ сарын 27-ноос мөргөлдөөнөө зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл талуудаас шаарджээ.
Сирийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаа Аюулгүйн зөвлөл дахин дурдаад, тус улсын хямралыг зохицуулах НҮБ-ын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ. Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээ яаралтай үргэжлүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, тусгай төлөөлөгч Стаффан де Мистура нараас Аюулгүйн зөвлөл хүссэн байна.
Д.Нямтулга