Урлагийн наадмын тэргүүн байрыг Түвшинширээ сумын цэцэрлэгийн хамт олон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-29 22:26:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /БСУГ/-аас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Бидний авъяас-2018” урлагийн наадмыг өнгөрсөн хоёр амралтын өдөр зохион байгууллаа. Урлагийн наадмын тэргүүн байрын шагналыг Түвшинширээ сумын цэцэрлэгийн хамт олон хүртэж, цом, 500 мянган төгрөгийн эзэд боллоо.

Урлагийн наадамд 24 цэцэрлэгийн 500 гаруй багш, ажилчин оролцжээ. Зохион байгуулагчдын зүгээс өгсөн тусгай удирдамжинд нэг байгууллага 30-40 минутын тоглолтыг үзүүлэх бөгөөд тоглолтын үзүүлбэрүүдийн 50-иас илүү хувьд Дарьганга өв соёлын онцлогийг харуулсан, түүнийг сурталчилсан байх ёстой гэж заажээ.

Түвшинширээ сумын цэцэрлэгийн хамт олон Монгол наадам сэдвийн хүрээнд өөрсдийн тоглолтоо дэглэн бэлтгэжээ. Наадмын идээ будааны соёл, зочид угтах, дайлах, үдэх ёсон, Дарьганга дуу хуур, бүжиг наадам гээд бүгдийг харуулсан үзүүлбэрийг найруулсан тавьсан нь үзэгч төдийгүй шүүгчдээс өндөр үнэлгээ авч, тэргүүлэв. Удаах байрыг Сүхбаатар, Мөнххаан сумын цэцэрлэгийн баг хамт олон эзэлсэн юм.


“Амжилт бүхний ард хөдөлмөр чармайлт, хичээл зүтгэл байдаг. Нэг хүсэл зорилгын төлөө тууштай тэмцэж, түүнийхээ үр шимийг хүртэж чадсан хамт олондоо талархал илэрхийлье. Мөн биднийг туслаж дэмжсэн сумын Соёлын төв, оёдлын цех, сургуулийн хамт олонд баярлалаа. Зарим байгууллагууд мэргэжлийн хүн авч тоглолтоо бэлдүүлсэн байна лээ, харин манай тоглолтын ерөнхий найруулга, утга санааг манай дуу хөгжмийн багш өөрөө гаргасан. Үнэхээр 24 цэцэрлэгээс гараагүй санаа, үзүүлбэр байсныг энд онцлон хэлмээр байна. Тийм дээ ч бид тэргүүн байрыг нь эзэлж чадлаа. Чадварлаг багш болон хамт олноороо үнэхээр их бахархаж байна.” хэмээн Түвшинширээ сумын цэцэрлэгийн эрхлэгч Ш.Энхтуяа ярилаа.

Урлагийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Хаан банк ажиллажээ.

Т.Одончимэг

関連ニュース