Нийгмийн халамжийн бодлогыг илүү үр дүнтэй болгох хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-16 18:28:46

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк хамтран "Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ" тайланг танилцуулах арга хэмжээг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.


Энэхүү арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уг тайлан нь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, төсвийг тоймлон үзэж, хамрах хүрээ болон үр шим хүртэгчдийн шинж чанарт дүн шинжилгээ хийсэн байна.

Манай улсын Засгийн газар нь ХАХНХЯ болон Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраар дамжуулан нийгмийн халамжийн нийт 71 хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Тэдгээрийн зарим нь хэрэгцээ шаардлагад чиглэсэн байдаг бол зарим нь нийгмийн шаардлагыг хангахааргүй байдаг аж. Судалгааны үр дүнгээс харахад нийт нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын 56 хувь нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой буюу улны бүлгийн өрхийн гишүүдийн 40 хувьд ноогддог бол дундад түвшний амьдралтай өрхийн 40 хувь нь нийгмийн халамжийн шилжүүлгийн 28 хувийг хүртдэг гэсэн үзүүлэлт гарчээ. 

Тус тайланг гаргаснаар нийгмийн халамжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд нийгмийн халамжийг оновчтой чиглүүлэх, тэтгэвэр тэтгэмж, олон төрлийн тусламж үйлчилгээг нэгтгэн багцлах, зарцуулж байгаа хөрөнгийн үр өгөөжийг өсгөх, халамжийн тогтолцоог илүү үр дүнтэй болгох ач холбогдолтой юм.  Түүнчлэн нийгмийн хамгааллын салбарын стратеги төлөвлөгөө боловсруулах үйл явцад дэмжлэг болох аж.

Б.Туул

関連ニュース
コメント