Насан туршийн боловсрол төв 500 орчим иргэнд боловсрол олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Албан бус, насан туршийн боловсрол төв
/АБНТБТ/-ийн дүйцсэн хөтөлбөрийн холимог бүлгээр аймгийн хэмжээнд 6-45
насны 428, бага боловсролыг 37, суурь боловсролыг 24 суралцагч нийт 500 орчим
суралцагч боловсрол нөхөн эзэмшсэн байна.
Мөн тус төвөөс давхардсан
тоогоор нийт 6473 иргэнд 313 удаагийн сургалт, сурталчилгааг зохион байгуулжээ.
Сургуулийн гадна байдаг хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн болон хүнд хэлбэрийн 21
суралцагчид гэрийн эргэлтийг улирал хоёр удаа зохион байгуулж, тэдний хөгжлийг
дэмжих ном сурах бичиг хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж, хүүхэд, эцэг эх,
асран хамгаалагч нарт даалгаврын сан өгч эргэх холбоотой хамтран ажилласан
байна.
“Өнгөрсөн онд манай төв зорилтот иргэдэд анхан шатны боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаанаас гадна шинэчлэгдэн гарч буй хуулиудыг сурталчлан таниулах зорилгоор байгууллага, гэр бүлийн орчинд “Хууль сурталчлах хавтас” тогтмол аялуулж, 13 сумын насан туршийн боловсролын багш нар хуулийн сургалтыг иргэдэд тогтмол зохион байгуулсан. Харин энэ онд иргэний боловсролын чиглэлээр түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Ялангуяа монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, угийн бичиг хөтлөлтийг идэвхжүүлэх, цаашлаад харилцаа болон ёс суртахууны чиглэлийн сургалтуудыг иргэд, алан байгууллагуудад үе шаттайгаар зохион байгуулна” гэдгийг АБНТБТ-ийн сургалтын менежер П.Уянга хэллээ.
Насан туршийн боловсрол
төв нь аймгийн хэмжээнд нийт 23 багш, албан хаагчтай ажиллаж байна.