Баяндэлгэр сумаас анхны "Алтан ишигний эзэн" тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-31 14:21:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, МҮОНРТ-ээс жил бүр тодруулдаг “Алтан төлийн эзэн" шагналын "Алтан ишигний эзэн”-ээр тус аймгийн Баяндэлгэр сумын дөрөвдүгээр багийн малчин Т.Гансүх шалгарч, шагналыг аймгийн засаг даргын зөвлөх Ж.Түвшинжаргал, аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох, Баяндэлгэр сумын засаг даргын орлогч Д.Гантөмөр нар гардуулан өглөө. Тэрээр Баяндэлгэр сумаас төрөн гарч буй анхны "Алтан ишигний эзэн" ажээ.

Т.Гансүх нь 30 гаруй жил маллаж байгаа бөгөөд 2015 онд аймгийн аварга малчин болжээ. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 2,8 мянган толгой мал тоолуулсан байна. Нийт 900 гаруй ямаатай бөгөөд өнгөрсөн хавар 200 гаруй ишиг хүлээн авч, нэг ч төлийн хорогдолгүй бойжуулжээ.

“Багаасаа аав, ээжтэйгээ мал маллаж өссөн. Миний аав Монгол Улсын хошой аварга малчин Төмөр гэж сайхан буурай байлаа. Аавынхаа малч ухаан, мал маллах арга барилыг өвлөн авч, өнөөдрийн энэхүү амжилтад хүрсэндээ баяртай байна. Миний хувьд мал маллахдаа бэлчээр сонголтод анхаарахаас гадна отор нүүдлээр яваад байхыг боддоггүй. Ер нь манай мал их нутгархаг, ганц хоёр удаа оторлож үзсэн ч мал маань нутаг руугаа гүйгээд байсан учир буцаж байсан. Түүнээс хойш дахиж оторт яваагүй. Малчин хүнд мал гэдэг бол үр хүүхдээс нь өөрцгүй байдаг. Ялангуяа төл малаа авах үе хамгийн сайхан. Мал дагавал ам тосдоно гэдгээр хэдэн малнхаа буянд үр хүүхэд, ах дүү нарынхаа хамтаар сайхан амьдарч байна. Би хоёр хүүтэй, нэг хүү маань малчин болсон. Миний болоод манай гэр бүлийн хүний ах дүү нар бүгд малчин. Аймаг, сум, улсын аварга малчин ч бий. Малаас гадна нутаг ус маань ивээлээ их хайрлах юм даа. Манай нутагладаг газрыг Жирмийн хөндий гэдэг. Эндээс Монгол Улсын хошой аварга малчин, Монгол Улсын гавъяат нэгдэлчин, улс, аймаг, сумын олон аварга малчид төрөн гарсан байдаг.” хэмээн Т.Гансүх ярилаа.

Харин аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох “Т.Гансүх бол улсын аварга малчны дайтай малчин. Ирэх жил энэ эрхэм цолыг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Айлчлан ирж буй шороон гахай жилийн босгон дээр Сүхбаатар аймгаас Монгол Улсын хошой аварга малчин нэг, Алтан төлийн эзэн тав, аварга малчин зургаа, аймгийн аварга малчин 34 шинээр төрөн гарч, малчид маань улс эх орондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. Малчдын маань амжилт дээшилнэ гэдэг салбарын бид бүхний ажил өөдлөн дэвшиж буйн нэг илрэл юм.” гэдгийг онцлов. 

Баяндэлгэр сумын дөрөвдүгээр баг нь 367 өрхийн 974 хүн амтай, 120 орчим мянган толгой малтай сумынхаа томоохон багийн нэг юм.

関連ニュース