Авто замын байнгын хяналтын постууд ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-31 14:29:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт, Мөнххаан сумдад замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтад орлоо. Тус бүр нь 75 сая төгрөгийн өртөгтэй уг постуудыг Цагдаагийн ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар барьжээ.

“Баруун-Урт суман дахь хяналтын постын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат нар оролцлоо. Тус пост нь байнгын ажиллагаатай болсноор зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, урьд онд болон энэ онд үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэх, улсын болон орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой гэдгийг ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нээлтийн үеэр онцоллоо.

“Сүхбаатар аймагт зам тээврийн осол буурсан. Гэхдээ буурсан гээд тайвширч болохгүй. Учир нь Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто замд өнгөрсөн онд дөрвөн хүн амь насаа алдсан. Тиймээс энэ осол аваарийг бууруулах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэхийн тулд байнгын хяналтын пост хамгийн чухал үүргийг гүйцэтгэх юм. Мөнххаан, Баруун-Урт сумдад баригдсан эдгээр пост бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Үүнээс гадна аймгийн Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг тогтмол хийх боломжтой боллоо.” гэж аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Ганзориг хэллээ.

Хяналтын постын гаднах талбайн тохижилт, замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч тавих зэрэг ажлууд үргэлжлэн хийгдэх юм байна.

 

関連ニュース