Төрийн дээд одон медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зарлигаар Сүхбаатар аймгийн 60 гаруй иргэнийг төрийн дээд одон медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Батсуурь нар өчигдөр гардууллаа.
Аймгийн Засаг дарга
Ж.Эрдэнэбаатар шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Нохой
бол эзэндээ ээлтэй үнэнч амьтан. Үүний жишгээр өнгөрч буй нохой жил
Сүхбаатарчуудын хувьд ээл ивээлээ өгсөн жил байлаа. Бид эв эеийг эрхэмлэж, улс төрийн
болоод эдийн засгийн гацаанаас гарч, хийхээр төлөвлөсөн ажлаа эхлүүлсэн сайхан
жил байлаа. Хүн ам 62 мянгад хүрч, мал сүрэг дөрвөн төрөл дээрээ өсч 3,7 саяд хүрлээ. Ирэх жил бид ард иргэд та бүхэнтэйгээ
хамтран олон сайхан ажлыг хийж хэрэгжүүлэх болно. 2019 онд Сүхбаатар аймагт
улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын
ажил хийгдэнэ. Ингээд төрийн дээд одон медалиар аймаг орон нутгийн шагналаар
шагнуулж буй та бүхэндээ нийт иргэдийнхээ өмнөөс баяр хүргэе.” гэв.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн гавъяаны одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль зэрэг төрийн дээд шагналаар 60 гаруй хүн шагнуулсан бол Монгол Улсын Засгийн газар, аймгийн ИТХ, ЗДТГ-ын нэрэмжит шагналыг мөн энэ үеэр хамтатган гардуулсан юм.
Шагнал хүртсэн иргэдийн сэтгэгдлийг
хуваалцахад,
Баяндэлгэр сумын Эрүүл
мэндийн төвийн ахмад сувилагч Ц.Туяа:
"Би эрүүл мэндийн салбарт 34 жил ажиллаад
өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Энэ хугацаанд нэг ч удаа өөр тийш явалгүй төрөлх
нутагтаа ажилласандаа бахархдаг. Олон жил хамт олныхоо дунд байж ирсэн болохоор
гэнэт тэтгэвэртээ сууна гэдэг эвгүй юм. Ажлаа, хамт олноо хүн үгүйлдэг юм
байна. Миний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг төр засаг маань
өндрөөр үнэлж ийнхүү Алтан гадас одон олгож байгаад үнэхээр их баяртай байна. Ажиллах
хугацаандаа Монгол Улсын гавьяат эмч Х.Батмөнхөөс эхлээд олон сайхан хүний
удирдлага дор ажиллаж ирлээ. Энэ бүх хүнээс дан ганц ажил гэлтгүй амьдрал дээр
ч хэрэгтэй маш их зүйлийг сурч авсан даа."
Ахмад багш н.Сугаржав:
"Боловсролын байгууллагад 30 гаруй жил ажилласан минь миний амьдралын хамгийн сайхан үеүүд байжээ. Энэ хугацаанд
ойролцоогоор 2000 гаруй шавьтай болсон байна. Шавь нар маань Монгол эх орныхоо
өнцөг булан бүрт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа. Багш хүн шавь нараараа бахархах
шиг сайхан зүйл гэж үгүй. Ахмад багшийн хувьд залуу багш нартаа захиж хэлэхэд
хүүхдийг чин сэтгэлээ хайрлаж, өөрийн хүүхэд мэт хандах хэрэгтэй. Багшийнхаа
хайр энэрлийг бүрэн мэдэрсэн хүүхэд өөрөө өөртөө итгэлтэй болж, бас тэр хэрээр
хариуцлагатай болдог. Миний ажиллах хугацаандаа баримталдаг байсан гол зарчим
бол энэ. Бусдын хүүхдэд өөрийн сурсан мэдсэнээ зааж сургасны минь төлөө төр
засаг маань ийнхүү хайр ивээлээ үзүүлж байгаад ахмад багшийн хувьд баярлаж байна. Шавь нартаа, үр хүүхдүүддээ баярлалаа." хэмээн ярилаа.