Сүхбаатар аймаг соёл урлагийн хөгжлийн хөтөлбөртэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг соёлын салбарынхаа үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахаар хөтөлбөр боловсруулж байна.
Хөтөлбөрийн төслийг танилцуулж,
цаашид хэрхэх талаар соёлын салбарын ахмад ажилтнууд, биет болон биет бус өв
тээгчид, сургууль цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нар, төрийн байгууллагын
төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-аас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт
60 гаруй хүн оролцсон юм.
"Аймаг өөрийн гэсэн соёл урлагийн хөгжлийн хөтөлбөртэй болох гэсэн томоохон зорилтыг дэвшүүлсэн. Гэвч үүнийг өнөө хүртэл албан ёсоор батлуулаагүй явсаар ирсэн. Сүхбаатар аймгийн хувьд соёлын асуудал орхигдож, анхаарах шаардлагатай болсон тул бид соёл урлагийн хөгжлийн хөтөлбөрийн эхний шатны хэлэлцүүлгийг хийж байна гэж ойлгож болно. Аймгийн хэмжээнд соёл урлагийн асуудлыг анхааралдаа авах цаг хэдийн болжээ. Үүний тод жишээ нь соёлын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс байдаг. Сүхбаатар аймгийн хэмжээнд 12 соёлын төв бий. Гэтэл үүний ердөө дөрөв нь мэргэжлийн дуу хөгжмийн, хоёр нь мэргэжлийн бүжгийн багштай. Бусад нь мэргэжлийн бус, өөрөөр хэлбэл ардын авъяастнууд байдаг гэсэн үг. Энэ нь соёлын бодлого тодорхой хэмжээгээр үгүйлэгдэж байгаагийн илрэл. Нөгөө талаар соёл урлагийн байгууллагын хүний нөөц дээр анхаарах шаардлагатай болсныг харуулж байгаа юм. Аймгийн соёл урлагийн хөгжлийн хөтөлбөр батлагдсанаар энэ байдал шинэ түвшинд гарч ирнэ гэж харж байгаа. Хөтөлбөрийг ойрын хугацаанд батлуулж, ажил хэрэг болгоно." гэдгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэтсийн дарга Г.Мөнхзаяа хэллээ.