Улсын шилдэг холбоо амжилтын баяраа тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2018 оны шилдгийн шилдэг, аймгийн 2017, 2018 оны шилдэг "Шилийн богд" дугуйн холбоо амжилтын баяраа өнгөрсөн амралтын өдөр тэмдэглэлээ. Амжилтын баярт төр болон ТББ-ын төлөөллүүд оролцон цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцаж, 2019 оны зорилго, зорилтоо дэвшүүлжээ.
"Шилийн богд" дугуйн холбооны тамирчид 2017, 2018 онд нийт 220 гаруй багц медалийг аймаг, улс, олон улс, тив, дэлхийн тэмцээнээс хүртжээ. Өнгөрсөн онд гаргасан томоохон амжилтыг дурдвал, Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль, улсын АШТ-ээс гурван цом хүртсэн байна. Мөн дугуйн холбоо нь аймгийн БТСГ, ЗДТГ-тай хамтран Дугуйн улсын АШТ-ийг анх удаа орон нутагтаа амжилттай зохион байгуулж, олон улсын тэмцээний хэмжээнд маш сайн зохион байгуулсан гэсэн үнэлгээг Монголын дугуйн холбооноос авсан билээ.
"Дугуйн спорт өөрөө маш өртөг өндөртэй. Тэр утгаараа манай тамирчдын амжилтад нөлөөлдөг гол хүчин зүйл бол хөрөнгө мөнгө байдаг. Хэдийгээр бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн ч мөнгөгүй бол томоохон тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болдог. Тиймээс бид амжилтынхаа баярыг тэмдэглэхдээ аймаг орон нутгийн удирдлагууд, ТББ-ын төлөөллүүдийг урьж оролцуулсан. Учир нь бид цаашид илүү их амжилт гаргахын тулд хамтарч ажиллах хэрэгтэй. Бид энэ онд, манай шилдэг тамирчин болох Б.Тэгшбаяр олимпийн эрхээ авах, Монголын хүүхдийн спортын их наадамд холбоогоороо оролцож, цомын эзэн болох гэсэн томоохон хоёр зорилтыг дэвшүүлсэн. Энэ нь биелэх бүрэн боломжтой гэж харж байгаа." хэмээн "Шилийн богд" дугуйн холбооны тэргүүн Д.Баасандорж хэллээ.
Сүхбаатар аймагт
эрчимтэй хөгжиж буй спортын нэг бол дугуйн спорт. Аймаг төдийгүй улсын дугуйн
спортын түүхэнд анх удаа гэх амжилтыг Сүхбаатар аймгийн тамирчин Б.Тэгшбаяр удаа
дараа гаргасан. Энэ нь тус спортын хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн гэдгийг дасгалжуулагч
багш С.Төмөрхуяг онцолж байлаа. Одоогоор тус аймгийн "Шилийн богд" дугуйн
холбоонд харъяалагдан тогтмол бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаанд амжилттай
оролцдог 10 тамирчин бий. Мөн дугуйн спортыг сонирхогч хүүхэд болон насан
хүрэгчид ч цөөнгүй бий.