Эрүүл бүс, махны үйлдвэрийн төслийг Баруун-Урт, Асгат сумын нутагт хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын хамтын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын дөрвөн аймагт малын эрүүл бүс, махны үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээрийн нэг нь Сүхбаатар аймаг бөгөөд дээрх бүтээн байгуулалтыг Баруун-Урт, Асгат сумын нутагт байгуулахаар анхны хэлэлцээрийг хийж, сумын газар нутагтай танилцлаа.
Нийт 48 тэрбум төгрөгөөр
хэрэгжих уг төслийн хөрөнгө оруулалт 100 хувь төсөл хэрэгжүүлэгчдээс олгогдох
бөгөөд орон нутаг зөвхөн газрын асуудлыг шийдэх ёстой. Төсөл нь үндсэн дөрвөн
бүсээс бүрдэх бөгөөд нэгдүгээр бүс болох махны үйлдвэрийн газрыг аймгийн зүүн
урд байхаар шийдвэрлэж, үүнд 19 мянган га газрыг олгохоор болсон. Харин үлдсэн
гурван бүсийн газар буюу нийт 10-12 мянган га газрыг Асгат сумын нутагт
байлгахаар хэлэлцэж, тус саналыг Асгат сумын удирдлагууд, ИТХ-ын
тэргүүлэгчидтэй хэлэлцсэн юм. Төслийн гол шалгуур нь төв зам болон дэд бүтцэд ойр, уул уурхайн лицензгүй, ундны усны эх
үүсвэрт ойр биш, отрын бус нутагт байна
гэж заасан учир уг шалгуурыг Асгат сум хангаж байгаа юм.
Тус сум 750 мянган га
газар нутагтай, 400 орчим малчин өрхтэй. Аймаг орон нутгийн зүгээс санал болгож буй сумын хойд
хэсгийн газар нутагт 30 гаруй малчин өрх байдаг байна.
Энэ асуудлыг өмнө
нь ИТХ-аараа хэлэлцээд нээлттэй орхисон. учир нь иргэдэд үнэ зөв мэдээлэл өгөх
нь чухал байгаа юм. Энэ төсөл бол ганц сум, аймгийн биш улсын хэмжээний
томоохон бодлого, бидэнд олдож буй ховор боломж. Тиймээс бид дэмжин хамтрах
хэрэгтэй. Гэтэл газрын асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн газрын ойр орчмын
малчдыг яах вэ гэдэг хамгийн хүндрэлтэй байгаа юм. Бид энэ асуудлыг ИТХ-ын
тэргүүлэгчид болон иргэдтэйгээ нээлттэй хэлэлцэн шийдвэрлэнэ. Манай сумын нэг
онцлог бол уул уурхайгүй, бид ХАА, МАА-гаа дэмждэг. Эрүүл бүс байгуулагдсанааар
ажлын байр олноор бий болно. Тэгэхээр энэ бол манай сумын малчид, ард иргэдэд
том боломжийг олгож байгаа хэрэг. Иргэд маань ажилтай орлоготой болвол сум орон
нутгийн хөгжил дээшилнэ. Иргэд малчидтайгаа зөвшилцчихвөл энэ ажлыг сум орон
нутгийн зүгээс дэмжихэд бэлэн гэдгийг Асгат сумын Засаг дарга У.Мөнхбаяр
хэллээ.
Уг төсөл хэрэгжсэнээр
500-600 ажлын байр шинээр бий болно. Зөвхөн махны үйлдвэрт 70-120 тогтмол ажлын
байр гарах аж.
"Сүхбаатар аймагт эрүүл
бүс байгуулах шаардлага зайлшгүй байгаа. Малын гоц халдварт өвчний голомттой,
мал нь өвчинд нэрвэгдсэн нь үүний тод жишээ. Тиймээс эрүүл бүсийг байгуулж, малаа
эрүүлжүүлэх нь нэн чухал. Нөгөө талаар Сүхбаатар аймаг бол МАА-д суурилсан
эдийн засагтай, манай аймгийн мах амт
чанар, ашиг шим сайтай. Гэтэл үүнийхээ үр шимийг бид үзэж чадахгүй байна. Одоо
бид махныхаа үр ашгийг хүртэх цаг болсон. Ингэхийн тулд эрүүл бүсээ байгуулж,
малаа нэмүү өртөг шингэсэн үнээр худалдах, экспортод гаргах хэрэгтэй, ажлын
хэсэг эхний ээлжинд махны үйлдвэрийн газрыг Баруун-Урт сумын зүүн урд хэсэгт
байхаар шийдвэрлэсэн, бусад хэсгийн газрыг Асгат сумынхантай хэлэлцээд
сонгочихвол ирэх 06 дугаар сараас ажил эхэлнэ" гэж аймгийн Засаг дарга
Ж.Эрдэнэбаатар ярилаа.
Төслийн нэгдүгээр бүс
болох махны үйлдвэрийн хэсэг экспортын
бүсэд үндсэн оффис, мах хадгалах зоорь байх бол хоёрдугаар бүс болох газар
тариалангийн бүсэд тэжээлийн ургамал тарих, хурааж авах, боловсруулах үйлдвэр,
гуравдугаар бус буюу мал хүлээн авах бүсэд мал бүртгэх, ээмэгжүүлэх, өвчтэй малыг
эрүүлжүүлэх газар байна. Харин дөрөвдүгээр бус буюу бэлчээрийн бүсэд тусгай
үүлдрийн цөм сүргийг үржүүлэх, малыг шилжүүлэх хэсэг байх ажээ.