Эрүүл мэндийн салбарын спортын наадамд Нэгдсэн эмнэлгийн баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-15 12:03:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн спортын гуравдугаар наадам энэ сарын 11-нээс 12-нд Баруун-Урт суманд боллоо.

Наадамд 18 байгууллагын 210 тамирчин оролцож, спортын дөрвөн төрлөөр өрсөлджээ. Тус наадамд энэ жил гурван үеийн төлөөлөл оролцсоноороо онцлог болсон байна.


"Спортын наадмыг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг. Анагаах ухааны их дээд болон дунд сургуулийг төгсөж, аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангамжийг бүрдүүлэгч шинэ эмч, сувилагч, багийн бага эмч нар жил бүр нэмэгддэг.

Жилд 30-50 хүн манай салбарт шинээр ажиллаж байна.Шинэ эмч мэргэжилтнүүдээ хооронд нь болоод бусад мэргэжил нэгтнүүдтэй нь танилцуулах нь наадмын гол зорилго.

Нөгөө талаар салбарын албан хаагчдыг спортоор тогтмол хичээллүүлэх, эрүүл чийрэг аж төрж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, харилцан туршлага солилцох, уялдаа холбоог бэхжүүлэх, улс аймгийн болон бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг бүрдүүлэхийг зорьдог. Үүний үр дүн жилээс жилд гарч байгаа" гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа хэллээ.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн спортын наадмын аварга багаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг хамт олон тодорч, шилжин явах цомын эзэд болжээ. 

関連ニュース