Ховд аймгийн 1494 өрхийн нийт 1071.4 мянган мал отроор өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлсэнээр, энэ жил орон нутгийн 1494 малчин өрхийн нийт 1071.4 мянган мал отроор өвөлжих тооцоолол гарчээ.
Тус аймгийн 17 сумын 91 багт 8476 малчин өрхийн нийт 3122.9 мянган мал байна. Үүнд, тэмээ 25.9 мянга, адуу 127.0 мянга, үхэр 190.1 мянга, хонь 1187.6 мянга, ямаа 1592.3 мянган тоо толгой буй.
Ховд аймгаас өөр аймгийн нутагт отроор өвөлжих хоёр сумын 10 өрхийн 17.9 мянган мал байна. Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт 220 өрхийн 305.8 мянган мал отроор өвөлжих аж.
Түүнчлэн сум дундын отрын бүс нутагт 33 өрхийн 14.5 мянга, Дарви сумын Баяннурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 90 өрхийн 68.7 мянган мал өвөлжинө.
Хилийн зурвас бүс нутагт 164 өрхийн 161.9 мянга, улсын тусгай хамгаалалттай газарт 977 өрхийн 502.5 мянга, нийт 1494 өрхийн 1071.4 мянган мал отроор өвөлжих, хаваржих урьдчилсан тооцоолол гарсан. Үүний 148.2 мянга нь бод, 923.2 мянга нь бог мал гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Одоогийн байдлаар отрын бүс нутагт өвөлжих малчдын дийлэнх нь суурьшсан бөгөөд Дарви сумын Баяннурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт өвөлжих 90 малчин өрх хараахан отор нүүдэл хийж эхлээгүй байна.
Малчин өрх бүр хашаа саравчаа тохижуулсан. Аймгийн хэмжээнд ашиглахад бэлэн нийт 9242 хашаа байна. Энэ онд бод малын 23, бог малын 76 хашаа шинээр барьжээ.
Аймгийн хэмжээнд худаг уст цэг 2118 байна. Үүнээс инженерийн хийцтэй худаг 369, энгийн уурхайн худаг 1739, усан сан 10 бий.
Энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, малчдын санаачилгаар 11 худаг шинээр гарган ашиглаж байна.