Ховд аймгийн хог хаягдлын нийт талбай 428 мянган га газрыг эзэлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хог хаягдлын менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 05-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо.
Тус
хэлэлцүүлэгт сумдын байгаль хамгаалагч, Жаргалант сумын сууц өмчлөгчдийн
холбоо, хог хаягдлын менежмент хариуцдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ерөнхий
боловсролын сургуулийн эко
клубийн сурагчдын төлөөлөл 100 орчим
хүн оролцжээ.
Энэ
удаагийн хэлэлцүүлгийн ерөнхий зохион байгуулагчаар БОАЖЯ, Монголын байгаль
орчны иргэний зөвлөл, Ховд аймгийн БОАЖГ, Жаргалант сумын ЗДТГ зэрэг
байгууллага хамтран ажилласан.
Хэлэлцүүлгийн
үеэр Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн явц, орон нутгийн бодлого шийдвэр,
түүнд тулгарч буй асуудлын талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэл
хийж, оролцогчид харилцан санал солилцов.
Ховд аймгийн 17 сумын хэмжээнд хог хаягдлын нийт талбай 428 мянган га газрыг эзэлдэг. Үүнээс аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 278 мянган га газрыг хог хаягдлын талбай эзэлж байна.
Хүн
амын өсөлт, хотжилт, үйлдвэр, үйлчилгээний газрын нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жил тутамд нэмэгдэхийн
зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд өөрчлөгдөх болсон. Тиймээс ногоон хөгжлийн үзэл
санааг дэлгэрүүлэн хог хаягдлыг зайлуулах дэд бүтцийг бий болгох, иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх замаар бүх нийтийн
оролцоотойгоор хог хаягдлыг бууруулж, цэвэр орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд
2019 онд “Ховд аймгийн Хог
хаягдлын менежментийн төлөвлөгөө” шинээр боловсруулж, ирэх сард аймгийн ИТХ-д танилцуулан
батлуулахаар төлөвлөж байна.
Менежмент төлөвлөгөөнд хог хаягдлын эх үүсвэрт ангилан ялгалт
хийх, цуглуулан тээвэрлэх, дахин боловсруулах ажлын зардал, үнэ тарифыг тусгаж,
цаашид нэгдсэн зохион байгуулалттай ажиллах боломж бүрдүүлэхээр зорьж байна гэж
албаныхан танилцуулсан юм.
Энэ
удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн талаарх оролцогчдын мэдлэг
нэмэгдэхээс гадна орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нэгдсэн санал,
зөвлөмжийг тодорхойлон гаргаж буйгаараа давуу талтай байв.
Тодруулбал,
цаашид ахуйн хог хаягдлыг ангилан ялгах, зориулалтын уут сав хэрэглэх, хогийн
цэгт хаях зэрэг зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах, иргэдийн
шинэлэг санал, санаачилгыг дэмжих, эрүүл ахуйн шаардлага хангасан хогийн цэг
байгуулах, өргөтгөх, бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг үйлдвэрлэгч
эргүүлэн татаж ашиглах, дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлэхэд анхаарч
ажиллахаар болсон юм.




