Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-12 11:18:44

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн боловсролын салбар байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоов. 

Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар мэргэжлийн байгууллагууд коронавирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ховд аймгийн хэмжээнд хийж буй шуурхай ажлыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төв, үзвэр үйлчилгээний байгууллага, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, соёл урлаг, спортын тэмцээн, тоглоомын газрын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 14-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргав. 

Мөн Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх баар, рестарон, зоогийн газар, караоке болон үйлчилгээний төвд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 14-ны өдрийн 23:00 цаг хүртэл хязгаарлахаар боллоо. 

Түүнчлэн коронавирусний халдвар авсан иргэнтэй хавьтагч болсон иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, Ховд аймгийн нутаг дэвсгэрт ирсэн эсэхийг тогтоохоор болов. Мөн шаардлага хангасан тусгаарлах байрны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг томилгоожуулж ажиллах юм.    

 

関連ニュース