Зөрчлөө арилгаагүй барилгын компанийг хар жагсаалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-08 15:38:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 07-нд болов. Энэ үеэр 2019-2020 онд хийсэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажилд хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулав.

Ховд аймагт 2019-2020 онд улсын болон орон нутгийн төсвөөр нийт 295 бүтээн байгуулалтын ажил хийжээ. Улмаар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг өнгөрсөн оны 11 дүгээр сард дээрх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.

Хяналт шалгалтын явцад ажил гүйцэтгэсэн компани, аж ахуйн нэгжийн 10 хувь нь зөрчил дутагдал гаргасан нь илэрчээ. Тодруулбал, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн чанар муу, гэрээний хугацаа хэтэрсэн, туршилт, тохируулгын хугацаанд гүйцэтгэгч компани алдаа дутагдлаа засдаггүй, стандарт, хэм хэмжээ мөрддөггүй, боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудын нөөц дутмаг, техник, тоног төхөөрөмжийн хангалт тааруу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн аж.  

Эдгээр зөрчил дутагдлыг хэрхэн арилгах, цаашид сайтар анхаарах талаар энэ удаагийн хуралд оролцогчид хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан компанид энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг чиглэл өгөхөөр болов.

Хэрвээ заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд тухайн компаниар хохирлыг барагдуулах, хар жагсаалтад оруулж улмаар барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцлах асуудлыг салбарын яаманд уламжлахаар боллоо гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

関連ニュース