Сум доторх хөдөлгөөн болон зарим худалдаа үйлчилгээний газруудыг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 17-р хурал боллоо. Хурлаар 5
дугаар сарын 8-ны 06.00 цагаас эхлэн Сүхбаатар аймгийг "улбар шар" түвшинд шилжүүлэн,
сумдын доторх хөдөлгөөнийг нээж, хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн үйл
ажиллагааг хэвийн горимоор ажиллахыг зөвшөөрлөө.
Мөн үсчин гоо сайхан,
гутал, дугуй, оёдол засвар, банк санхүүгийн байгууллага, эмийн сан зэрэг
газрууд хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин ресторан, зоогийн газрууд
заалаар үйлчлэхгүй, зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.
Харин аймаг, сум хоорондын
хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байх бөгөөд зайлшгүй шаардлагатай иргэд
шинжилгээнд хамрагдан зорчих боломжтой.
Сүхбаатар аймаг одоо ч халдарын
голомттой бүс нутаг, эрсдэл өндөр хэвээр байгаа учир спорт заал, фитнес клуб,
усан бассейн, баар караоке, бүх төрлийн сүм хийд, сургалтын төвүүдийн үйл
ажиллагааг хязгаарласан хэвээр байна. Мөн хурим найр, сургалт семинар, аялал
зугаалга, соёл урлагийн үзвэр үйлчилгээ, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
зэргийг үргэлжлүүлэн хориглох шийдвэр гаргалаа.