АНУ Кабулаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг “эцсийн мөч хүртэл” үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-28 10:04:01

ВАШИНГТОН. /BBC/. АНУ “Лалын улс” бүлэглэлийн үйлдэж болзошгүй халдлагаас болгоомжилж байгаа ч Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудлаас афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг “эцсийн мөч хүртэл” үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, пүрэв гарагт нисэх буудлын хаалганы орчимд цугласан олны дунд үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 170-д хүрсэн байна.


Мөн Пентагоны мэдээлснээр, нисэх буудалд аюул занал учруулж болзошгүй хэвээр байна.


АНУ эх орноо орхин явах хүсэлтэй афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бол Умард атлантын гэрээний байгууллагын /НАТО/ ихэнх орон тусгай нислэгүүдээ зогсоожээ.


Тухайлбал, Франц нисэх буудлын аюулгүй байдлын нөхцөл хүндэрснээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа баасан гарагт зогсоосон байна. Тус улсын хувьд Афганистанаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.  


АНУ цэргүүдээ Афганистанаас бүрэн гаргах хугацаагаа наймдугаар сарын 31-нд товлосон юм.


BBC” телевизийн олон улсын сурвалжлагч, Кабулд байрлаж буй Лиз Дусе эх сурвалжуудын мэдээллийг эш татан уламжилснаар, АНУ, Их Британийн цэргүүд нисэх буудлын “хяналтаа чангатгаж байгаа” ажээ.


“Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, талибууд баасан гаргийн шөнө нисэх буудлын зарим хэсгийг хяналтдаа оруулжээ. Гэвч Пентагон үүнтэй санал зөрөлдсөн байна.


Пентагоны мэдээлснээр, нисэх буудалд өөрсдийн явах ээлжээ хүлээсэн 5000 гаруй хүн байна. Тийнхүү холбогдох албаны төлөөлөгчид аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай арга хэмжээнүүдийг “Талибан”-тай хамтран хэрэгжүүлж байгаа ажээ.


Цагаан ордны мэдээллээр, Афганистанаас иргэдийг агаараар нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хоёр долоо хоног орчмын өмнөөс эхлүүлснээс хойш 110 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

関連ニュース