Украинд 23 сая долларын нэмэлт тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-08 10:15:21

КИЕВ./Anadolu/. Украины зүүн нутагт өрнөж буй мөргөлдөөний улмаас хохирсон хүмүүст 23 сая долларын хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлнэ гэж АНУ мэдэгдэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр Киев хотноо Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хамт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ, АНУ Украинтай хамт байж, тус улсын газар нутгийн бүрэн байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Украинд хямрал эхэлсэн цагаас хойш АНУ тус улсад 135 сая гаруй долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.

Украин улс Минскийн гэрээг хэрэгжүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа боловч ОХУ амлалтаа биелүүлэхгүй бол энэ гэрээ нуран унах болно гэж Керри мэдэгджээ.

Мөн тэрбээр “АНУ Минскийн гэрээг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Энэ нь бодитоор гал зогсоож, олзлогсдыг суллаж, Украины Донбасс бүс нутгаас цэргийн бүх хүчин, зэр зэвсгийг буцаан татна гэсэн үг юм. Хэрвээ ОХУ амлалтаа биелүүлэхгүй бол хориг арга хэмжээг цуцлахгүй. Энэ нь Крымтэй мөн адил холбоотой” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース