Ч.Адъяасүрэн: Сургалт, нөлөөллийн ажлыг маш сайн хийснээр охидын төрөлт буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-11 13:36:22

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа "Ирээдүйн босго" төвийн өсвөр үеийн эмч Ч.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-"Ирээдүйн босго" төв олон жил үйл ажиллагаа явууллаа. Сүүлийн хоёр жилд жаахан саатсан уу?

-Манай "Ирээдүй босго" төв маань 2003 онд аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэд байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо манайх гурван орон тоотой, хэвийн үйл ажиллага явуулж байгаа. Сүүлийн хоёр жилд жаахан доголдлоо. Гэхдээ хүүхдүүд мэдээллээ байнга авч байсан. Манайх "Ирээдүйн босго төв" гэсэн цахим хаягтай. Түүгээрээ дамжуулан мэдээ, мэдээлэл, зөвлөгөөгөө өгч байлаа. ЕБС-ийн цөөхөн сар хичээллэх хугацаанд сургалтаа хийгээд авсан.


-Танай төвийн гол зорилго нь өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээрх мэдээллийг өгч, нөлөөлөх шүү дээ. Байгуулагдсанаасаа хойш хэдэн хүүхдэд сургалт, мэдээлэл өгсөн бэ? Статистик мэдээ бий юу?

- "Ирээдүйн босго" төвийн гол үйл ажиллагаа бол өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн зөв мэдлэг, зөв дадал, зөв хандлага эзэмшүүлэх зорилготой. Бид дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хийж байгаа гол ажил бол сургалт, нөлөөллийн ажлуудыг байнга хийх юм. 2017 онд гаргасан судалгаагаар давхардсан тоогоор 50 мянган өсвөр үеийн хүүхдүүд болон залуучуудад мэдээлэл өгсөн байдаг. Жилд 2000-3000 өсвөр үеийн хүүхдэд танхимаар, лекцээр, төрөл бүрийн кампанит ажлуудаар болон хүүхдүүд өөрсдөө ирж мэдээллээ авдаг.


- Энэ төвд хүүхдүүд ямар байдлаар ханддаг вэ? Анги хамт олноороо юм уу, хэсэг бүлгээрээ ч юм уу?

- Өсвөр үеийнхэнд маш олон өөрчлөлтүүд гардаг. Хүн болгонд өөрсдөд нь тулгамдсан асуудал бий. Зарим хүүхдэд нөхөн үржихүйн тулгамдсан асуудал байвал ганцаараа юм уу хоёр, гурвуулаа, найз нөхдөөрөө ирнэ. Мөн сургуулийн багш нар ч авч ирдэг. Багш нар мэдээлэл сайн авдаг болсон. Ялангуяа эмч нар маш сайн мэдээлэл өгдөг. Манай сургуулийн ийм хүүхэд тийм зовуурьтай байна, яах вэ, хэзээ очих вэ, үзэх боломжтой байна уу гэж утсаар хандаад, ирээд зөвлөгөө мэдээллээ авдаг. Бид нар ковидоос өмнө бүх сургуулийн эмч нараар дамжуулаад анги хамт олон, хүүхдэд яг ямар сэдвээр, хэдийд, хэдэн цагаас сургалт авах вэ гэсэн агуулгатай судалгаа авсан. Яг тэр сэдэв чиглэлийнхээ дагуу ч хүүхдүүд ирээд зөвлөгөөгөө авч байна.


- Хүүхдүүд өөрсдөө идэвхтэй байна уу?

- Тийм ээ. Манай төвд нэг хандсан хүүхэд дахин дахин ирдэг. Манайх ер нь их тохилог. Манай сумын сургуулийн нэг багш ангийнхаа хүүхдийг маш сайн ажигласан байна л даа. Нэг л сонин байна, үзээд зөвлөгөө өгөөч гэж хандсан. 3-р ангийн хүүхэд л дээ. Одоо манай төвд байнга ирдэг. Бидэнтэй мэндлээд гардаг.


- Төвийг зорин ирж байгаа хүүхдүүд ямар шалтгаанаар ирдэг вэ?

- Хүүхдүүд янз бүрийн шалтгаанаар л ирнэ. Бидний гаргасан судалгаагаар 14-17 насныхан ямар шалтгаанаар, 17-гоос дээш насныхан ямар чиглэлээр ирж байна гэж. 14-17 насныхан бол үерхэл, нөхөрлөл, харилцаа холбооны чиглэлээр зөвлөгөө авч байна. Мөн эрүүл мэндийнхээ талаар, Тухайлбал, тарган байна, туранхай байна гэдэг ч юмуу. Манай төв хүүхдийг орж ирэхэд нь өөрсдийгөө танилцуулчихаад тухайн хүүхдийн өндөр, жинг үзэж, биеийн индексийг нь гаргаж өгдөг. Үүн дээрээ үндэслээд мэдээллээ өгнө. Жингийн дутагдалтай туранхай хүүхэд байвал зөв зохистой хооллолтын талаар, жингийн илүүдэлтэй байвал дасгал хөдөлгөөн хийх, зохистой хооллолтын чиглэлээр тус тусад нь өгнө. 17-гоос дээш насныхан бол бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт гэсэн чиглэлээр мэдээлэл авдаг.


- Төвийнхөө сургалт мэдээлэл, нөлөөллийн ажлуудаа сургуулийн эмч нар болон эрүүл мэндийн хичээлтэй нь яаж уяж ажилладаг вэ?

-      -Манай ирээдүйн босго төвийн гол үйл ажиллагаа нь ЕБС-тай холбогдож явдаг. Сургуулиудын эрүүл мэндийн хичээл ордог багш нар, сургуулийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг жил бүр хийдэг. Мөн нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл орж байгаатай холбоотойгоор манай төвөөс багш нар сургалтын багцыг авч яваад, хичээл ордог.

-
 -Охидын жирэмслэлт, төрөлт хэдэн жилийн өмнө өсөлттэй байсан. Одоо ямар түвшинд байна вэ?

-     -2010 оноос хойш 11 жилээр охидын жирэмслэлтийн нэгдсэн судалгааг гаргасан. Энэ асуудалд бид нар онцгой анхаарах юм байна гэж үзээд бид жил бүр сумдын ЭМТ-ийн эрхлэгч эмч нарын сургалт дээр сумдаа дурдаад хэлээд, мэдээллээ өгөөд явчихдаг. Охидын төрөлт 2016 онд их өндөр 6.8 хувьтай болсон. Бид нар энэ үед төрийн болон ТББ-уудад хүсэлт тавьж ФЛОМ ОУБ-тай хамтраад “Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд ФЛОМ байгууллагын төсөл хэрэгждэг сумдын болон Эрдэнэбулган сумын бүх өсвөр үеийнхэндээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээрх мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг маш сайн хийсэн. Үүний үр дүнд охидын төрөлт буурч, 2021 онд 4 хувь болсон байдаг. Энэ сайн тал боловч нөгөө талаар охидын жирэмслэлт болон үр хөндөлтийг илрүүлж чадахгүй байна. Яг энэ чиглэлд бид томоохон ажил хийчихвэл охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээрх хийж байгаа ажил маань улам үр дүнтэй болох байх гэж бодож байна.

 Охидын жирэмслэлт, үр хөндөлтийг илрүүлж чадахгүй байгаа нь манай аймагт олон хувийн эмнэлэг байна, түүнээс гадна үр хөндөлтийг аймагтаа огт хийлгэхгүй байгаатай холбож үзэж байгаа. Гэхдээ бид нар сургалт мэдээллийг маш сайн өгч байгаа. Бас нэг зүйл дээр гол анхаарлаа хандуулж байгаа нь манайхан эрүүл мэндийн мэдлэгтэй хэрнээ тэрийгээ хэрэглээ болгож чадахгүй байна. Бэлгэвч авах мөнгөгүй хүүхэд ч байж болох шүү дээ. Ийм эрсдэлүүд хүүхдүүдэд үүсээд л байгаа юм. Зөв хооллолтын тухайд ч тэр. Мэдлэг нь байгаад байдаг. Хэрэглээ болгож чадахгүй, зарим нь зөв зохистой, сайн чанарын хоолоо авч идэх чадваргүй ядуу гэр бүлд амьдарч байгаа хүүхэд ч бий шүү дээ. Үүнээс болоод суурь өвчтэй хүүхдийн тоо өсөөд байна, ядуурал нэмэгдээд байна, архидалт өсөөд байна. Энэ уялдаатай бүхэн чинь л хүүхдийг хоол тэжээлийн дутагдал оруулаад байна.


-      -Өсвөр насны хөвгүүд ямар шалтгаанаар хандаж байна вэ?

-     -Бид нар зөвхөн охидод чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил хийхгүй. Хөвгүүдэд давхар орно. Хэдэн жилийн өмнө бид охид, хөвгүүдийг тус тусад нь авч сургалт хийдэг байсан. Одоо бол бүгдэд нь нэг дор нөхөн үржихүйн эрхтэн гэж юу байдаг, хэд хуваадаг, ямар ямар үйл ажиллагаатай байдаг, хүнд ямар ач холбогдолтой юм гээд бүх чиглэлийн мэдээллийг өгдөг. Ингээд ярихаар хүүхдүүд их ичдэг л дээ. 10-19 насанд л хүүхдүүдийн бие мах бодид гол өөрчлөлтүүд гардаг. Үүний гол өөрчлөлт хаанаас явагддаг гэхээр хүний өнчин тархины урд өнчин тархинаас /урд хэсгээс/ ялгарч байгаа дааврын нөлөөгөөр өсвөр насныханд бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илэрдэг учраас өөрчлөлтүүд гардаг гэдгийг маш сайн тайлбарлаж хэлнэ. Эрэгтэй хүүхдэд бэлгийн булчирхай нь төмсөг, эмэгтэй хүүхдэд өндгөвч гээд л яг адил түвшинд яриад явчихаар ичихээ болиод, нэмэлт асуулт асуугаад нээлттэй болоод явчихдаг.


-     -"Ирээдүйн босго" төв эрүүл мэндийн төдийгүй сэтгэл зүйн зөвлөгөө бас өгдөг байх аа?

-     -Тийм ээ. Өсвөр үеийнхэнд сэтгэл санааны тавгүй байдлууд их гарна. Маш амархан сэтгэл гутралд ордог, гомддог. Бид 2016 онд төвийнхөө зөвлөгч бага эмчийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү 14 хоногийн сургалтад явуулсан. Манай зөвлөгч маань хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Хүүхдүүд их ирнэ. Намайг тарган гэлээ, намайг майга гэлээ, намайг бүдүүн гэлээ гэх мэт. Түүнээсээ болоод сэтгэл гутралд ордог. Ингээд л ирэхээр нь бид зөвлөгөө өгөөд сэтгэл санааг нь засаад явуулдаг даа.


-       -Аймгийн хэмжээний бүх сургуульд сэтгэл зүйч нар ажилладаг юм болов уу?

-      -Аймгийн хэмжээнд дөрвөн сургууль л сэтгэл зүйчтэй юм байна. Эрдэнэбулган суманд бол 1, 2-р сургууль сэтгэл зүйчтэй. Бид нар энэ судалгааныхаа асуумжийг энэ хоёр сэтгэл зүйчтэйгээ хамтран гаргасан. Сэтгэл зүйч нар хэлэхдээ "хүүхдүүдэд маш их сэтгэл зүйн асуудал байдаг юм байна, өдөрт маш олон хүүхэд орж ирдэг" гэж ярьж байсан. Тэгэхээр боловсролын байгууллагад сэтгэл зүйч маш чухал байна гэсэн үг.

 

-   -Төвийг зорьж ирж байгаа хүүхдүүдийн амьдралын чанар, нийгмийн гарал нь ямар түвшнийх байдаг юм бол. Та бүхэн судалж байв уу?

-    -Янз бүр. Байршлаар нь харвал орон сууцанд амьдардаг хүүхдүүд ч байна, гэр хорооллын хүүхдүүд ч байна, хөдөөнөөс ч байна. Манай төв яагаад сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө өгдөг болсон юм гэхээр одоогоос дөрөв, таван жилийн өмнө нэг дээд сургуулийн хүүхэд “Манай ангийн хүүхэд амиа хорлоно” гээд байна гэлээ. Бид ч яав ийв болоод судлаад үзсэн чинь ээжтэйгээ амьдардаг, архины хамааралтай болчихсон хүн байсан. Хичээлээ тараад очиход нь гэр нь хүйтэн, түлээ түлшгүй, хоол цайгүй, тасраад унтчихсан байдаг байгаа юм. Энэ нь тэр хүүхдэд маш эмзэг тусч, бухимдаж, амиа хорлох тухай бодож, ярьж эхэлсэн байгаа юм. Бид найзаар нь дамжуулж, төв дээрээ уриад сэтгэл заслын зөвлөгөө мэдээлэл өгөөд гайгүй болгосон ийм тохиолдлууд байдаг учраас заавал сэтгэл зүйчтэй болох нь чухал болсон юм. Тохиолдлуудыг ажаад байхад ар гэр нь ажилчин ангийнх, эсвэл ажил хийдэггүй, архинд орчихсон ар гэртэй хүүхдүүд л сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байдаг.


-      -Бага насны хүүхдүүд ханддаг уу?

-    -Бага насны хүүхэд бараг ирдэггүй. Хааяа өрхөөс бага насны хүүхэд явуулна. Тэр нь ямар нэг хүчирхийлэлд өртөөгүй, хувийн ариун цэвэртэй холбоотой асуудал байдаг. Бид үзлэгээ хийгээд зөвлөгөө өгнө, цагаан хорхойтой эсэхийг шалгаад эмчдээ үзүүлээд эм уугаарай гээд зөвлөгөө өгөөд явуулдаг даа.


-      -Өсвөр насныхны дунд бэлгийн замын халдварт өвчин бараг байхгүй байлгүй дээ?

-     -Одоо бол түрүү үеийнх шиг үзлэг хийлгэхээ байсан. Хүүхдийн эрх гээд. Тэгэхээр ер нь илрэхгүй байгаа. Гэхдээ өсвөр насныхны дунд бэлгийн замаар дамжих тэмбүүгийн халдвар 2021 байдлаар өссөн үзүүлэлттэй гарсан. Бид судалгаагаа байнга л авдаг. Бид чинь байнга судалгаа авч, дүгнэлт хийж, цаашид юун дээрээ анхаарах, ямар ажил хийх вэ гэдгээ төлөвлөнө.


-     -Өсвөр насныхны дунд санаа зовоосон өөр ямар асуудал байдаг вэ?

-     -Энэ үеийнхний нас баралт. Өсвөр үеийнхнийг хүн амын эрүүл бүлэг гэдэг. Өсвөр үеийнхний өвчлөл, нас баралт нь ерөөсөө л урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр өвчилж байна. Урьдчилан сэргийлж болох зам тээврийн осол, амиа хорлолт зэргийн шалтгаанаар нас барж байна. Энэ чиглэлд бид бас түлхүү ажиллана. 2016-2021 он хүртэл нийт 48 нас баралт бүртгэгдсэн байгаа юм. Үүнээс 77 хувь нь урьдчилан сэргийлж болох боломжтой шалтгаанууд байна. Амиа хорлолт, зам тээврийн осол, бусдад хорлогдсон, усанд живсэн, юманд дарагдсан, хөлдсөн, осгосон гэх шалтгаанууд. Үүнийг бид урьдчилан сэргийлж чадах юм шүү дээ.

-   2021 онд өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих нэг сарын аяныг зохион байгуулсан. аяны хүрээнд өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаарх мэдлэг нь ямар байна, хандлага, дадал нь ямар хэмжэнд байна гэж суурь судалгаа явуулсан. суурь судалгааг ЕБС-иуд, Архангай, Булган МСҮТ, Багшийн сургуулийн нийт 400 хүүхдээс авсан. судалгааны дүгнэлтийг бүх сургуульд тус тусад нь гаргаж өгөх юм. Бид нарын сонирхож байгаа үзүүлэлт нь хүүхдийн сэтгэл зүй. өсвөр үеийнхний сэтгэл зүй маш тогтворгой байна. Тийм учраас цаашдын гол үйл ажиллагаа юу вэ гэхээр өсвөр үеийнхэндээ сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр чанартай ажил зохион байгуулах болж байгаа юм. Хүүхдүүд эрүүл мэндийн мэдлэгтэй хэрнээ хэрэглээ болгож чадахгүй байгаа нь энэ судалгаанаас гарсан үр дүн шүү дээ. 

     -Ярилцсанд баярлалаа.

関連ニュース