Эко гэрээр үйлчилдэг малчид байгальд ээлтэй байдлаар ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-11 10:36:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгалийн үзэсгэлэнт газар ихтэй. Үүнийг дагаад малчин өрхүүд гадаад, дотоодын жуулчдад өв соёлоо таниулах, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор гэр буудлын үйлчилгээ үзүүлж ирсэн. Эдгээр малчдын хэрэгцээнд тулгуурласан сургалт зөвлөгөөг Архангай аймгийн "БМНС" ХХК-иас санаачлан аймгийн БОАЖГ-тай хамтран зохион байгуулжээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багт эко гэр ажиллуулдаг малчин Ц.Цэрэннадмид гуай таван жилийн өмнө энэ үйлчилгээгээ хоёр гэртэйгээр эхлүүлж байжээ. Харин одоо зургаан гэрээр жуулчдад үйлчилдэг. Тэрээр үйлчилгээний чанараа дээшлүүлж, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахын тулд мэдээлэл авах, энэ чиглэлээрээ улам их чадавхжих зорилготой аж. Ц.Цэрэннадмид гуай шиг зорилготой малчид, иргэдийн төлөөлөл тавь орчим хүн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулахаар уулзалтыг зорин ирсэн байна.

Архангай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг. Энэ утгаараа зочлох үйлчилгээний асуудал нэн тэргүүнд яригддаг. Аялал  жуулчлалын улирал эхлэх дөхсөн энэ үед сургалт болж байгаа нь чухал бөгөөд гэр буудал эрхлэгчдийг чадавхжуулснаар аялал жуулчлал хөгжих, орон нутгийн малчид, иргэдийн орлого нэмэгдэх ач холбогдолтойг зохион байгуулагчид хэлж байна. Түүнчлэн хямд өртгөөр аялал жуулчлалын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн бий болгох, байгаль орчинд ээлтэй байх чиглэлийн мэдээлэл өгөхийг зорьжээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалттай байр сууцны үйлчилгээ эрхлэх журмыг 2021 онд баталсан. Журамд зааснаар эко гэр буюу гэр буудал ажиллуулж байгаа малчид байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээнд шийдсэн байх заалт бий. Үүнийг шийдэх арга аргачлалыг сургалтад оролцсон малчид түлхүү сонирхож байв.

 

関連ニュース