“Трампын цамхаг” руу авирахыг оролдсон залууг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /ВВС/. Америкийн Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн төвд байрлалтай “Трампын цамхаг” барилга руу олс болон бумба ашиглан авирахыг оролдсон залууг цагдаа нар баривчилжээ.
Энэ залууг 58 давхар барилгын 21 дүгээр давхарт хүрэхэд нь цагдаа нар барилгын дотроос “шүүрэн” авсан аж.
Тус барилга нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн төв штаб гэнэ. Трамп мөн тус барилгад амьдардаг ажээ. Гэхдээ уг хэрэг болох үед тэрбээр Нью-Йоркод байгаагүй гэнэ.
Цагдаа нарын хэлснээр, авирагч нь Виржиниа муж улсын оршин суугч 20 настай залуу юм. Тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхдөө “би ноён Трамптай уулзахыг хүссэн юм” гэжээ. Түүнийг үүнээс өөр ямар нэг далд санаа агуулж, хэн нэгнийг гэмтээх үйлдэл хийх гэж байсан гэж цагдаа нар үзэхгүй байна.
Авирагч залуу энэ долоо хоногийн эхээр “YouTube”-д нэгэн бичлэг тавьжээ. Уг бичлэгт тэрбээр өөрийгөө “бие даасан судлаач” гэж тодорхойлоод, "Трампад “чухал мэдээлэл” хүргэх хэрэгтэй байна" гэсэн байжээ.
Г.Доржханд