Ши Жиньпинийг улиран сонгогдсоны дараа АНУ-д Хятадын компаниудын хувьцаа унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /interfax/. Ши Жиньпинийг Хятадын Коммунист Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдсоны дараа АНУ-д арилжаалагддаг Хятадын компаниудын хувьцааны үнэ унажээ.
Ши Жиньпин ням гарагт улиран сонгогдсон. Тэрбээр БНХАУ-ын даргын албан тушаалыг гурав дараалан хаших Хятадын анхны удирдагч болсон юм.
Зах зээлийн шинэчлэл, хувийн аж ахуйг хөгжүүлэхийг дэмжигч БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяныг энэ удаагийн хурлаар Төв хорооны бүрэлдэхүүнд оруулаагүй юм.
Энэ мэдээ Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулсан “тэг ковид” бодлого үргэлжилсээр байх нь гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчдад төрүүлжээ. Үүнээс гадна, технологийн компаниудад тавих хяналтыг цаашид улам чангатгах эсэх талаар зах зээлд тодорхойгүй байдал хэвээр байна гэж гадны хэвлэлүүд бичиж байна.
Үнэт цаас нь АНУ-д хамгийн идэвхтэй арилжаалагддаг Хятадын компаниудын тоонд цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Nio Inc” компани ордог. Даваа гарагт тус компанийн хувьцаа 17.9 хувиар унасан нь 2019 оны есдүгээр сарын 24-ний өдрөөс хойш хамгийн их хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч бусад компанийн хувьцаа ч мөн унажээ. Тухайлбал, “Paper XPeng Inc.”-ийн хувьцаа 14 хувиар, “Li Auto Inc.” компанийнх 21.5 хувиар унасан байна.
Цахим худалдааны аварга компани болох “Alibaba Group”-ийн хувьцаа 14.5 хувиар буурч, 2016 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол “Tencent Music Entertainment Group”-ийн хувьцаа 8.1 хувь, “JD.com” компанийнх 14.8 хувь, “Pinduoduo” 28.3 хувь, “Baidu” компанийнх 14.8 хувиар доошилжээ.