БАЯН-ӨЛГИЙ: “Бүргэд” жүжгийг Улаанбаатар, Эрдэнэт, Налайхад монгол хэлээр тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид казахын ард түмний шинэ жилийн баяр Наурыз болон төр, нийгмийн зүтгэлтэн, зохиолч М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг угтан Улаанбаатар, Эрдэнэт хотод ирэх сарын 11-13-ны өдөр аялан тоглолт хийнэ.
Энэ үеэр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны "Бүргэд" найраглалаас сэдэвлэн бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Шынайн "Бүргэд" драмын жүжгийг монгол хэлээр тавина. Мөн театрын уран бүтээлчид Наурыз баярт зориулан тусгайлан бэлтгэсэн концерт тоглох аж.
Уг ажлыг зохион байгуулахад Монгол Улсын Соёлын яам, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Театрын уран
бүтээлчид ирэх сарын 11-ний өдөр Эрдэнэт хотод, 12-ны өдөр Налайх дүүрэгт,
13-ны өдөр Улаанбаатар хотод Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөнд тус
тус тоглоно.