Украины сэтгүүлчид Пулитцерийн шагнал хүртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ ЙОРК. /VOA/. 2023 оны Пулитцерийн шагналын эздийг мягмар гарагт шилжих шөнө зарлажээ. Энэ жил хамгийн нэр хүндтэй төрөл болох “Нийгэмд үйлчилсний төлөө” (Public Service) шагналыг “Associated Press” (AP) агентлагийн украин сэтгүүлчид хүртлээ.
Уг шагналыг Украины зураглаач, баримтат кино бүтээгч Мстислав Чернов, гэрэл зурагчин Евгений Малолетка, продюсер Василиса Степаненко болон Европын сурвалжлагч Лори Хинант нарт олгожээ.
М.Чернов, Е.Малолетка, В.Степаненко нар нь байлдааны ажиллагааны үеэр Мариупольд үлдсэн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цорын ганц төлөөлөгчид байсан юм. Чухам тэд Оросын бөмбөгдөлтөд өртсөн Мариуполийн амаржих газрын тухай мэдээг нийтэлжээ. Харин Евгений Малолетка "Мэдээний гэрэл зураг" төрөлд Пулитцерийн шагналыг "Associated Press" агентлагийн бусад гэрэл зурагчидтай хамт хүртсэн байна.
Үүнээс гадна, Украины Буча хотын энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн үйл явдлыг сайтар нягтлан мэдээлснийх нь төлөө "Олон улсын сурвалжлага" шагналыг “The New York Times” сонинд олгожээ.
Пулитцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүл зүй, уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгд тооцогддог бөгөөд шагналтнуудыг Нью-Йоркийн Колумбын их сургуулиас жил бүр тодруулдаг.