Хятад улсад гэрлэх, хүүхэд төрүүлэх "шинэ эриний" соёлыг төлөвшүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-05-17 13:49:36

БЭЭЖИН. /Global Times/. Хятад улсын эрх баригчид гэрлэх, хүүхэд төрүүлэх "шинэ эриний" соёлыг төлөвшүүлэх зорилгоор 20 гаруй хотдоо туршилтын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд эрх баригчдын хийж буй сүүлийн алхам юм.


Тодруулбал, хүн ам, төрөлттэй холбоотой Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага болох Хятадын гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлэхийг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн төслүүдийг эхлүүлнэ гэж “Global Times” сонин мэдээлжээ.


Эдгээр төслийн гол зорилго нь гэрлэлтийг дэмжих, зохих насандаа хүүхэдтэй болох, эцэг эхчүүдийг хүүхэд өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг хуваалцахад урамшуулан дэмжих, "хэт өндөр үнэтэй сүйн бэлэг өгдөг байдлыг" болон бусад хуучирсан ёс заншлыг хязгаарлахад оршиж байгаа аж.


Туршилтын төсөлд Гуанжоу мужийн үйлдвэрлэлийн төв болсон хотууд, мөн Хэбэй мужийн Ханьдан зэрэг хот багтжээ. “Global Times” сонинд бичсэнээр, өнгөрсөн онд  20 хотод түүний дотор Бээжинд ийм төслүүд хэрэгжүүлж эхэлсэн байна.


"Залуусыг гэрлэлт, хүүхэд төрүүлэх тал дээр нийгэм илүү чиглүүлж өгөх ёстой" гэж Хятадын хүн ам зүйч Хэ Яфу уг хэвлэлд ярьжээ. 


Иргэдийг хүүхэдтэй болохыг дэмжих зорилгоор татвар, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, гурав дахь хүүхдээ үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй сургах зэрэг арга хэмжээг Хятадын мужуудад авч байгаа үед ийм төслүүд хэрэгжүүлж байна. 

関連ニュース