БНАСАУ цөмийн туршилтыг амжилттай хийсэн гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭПХЕНЬЯН. /KCNA/. Өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээлэлтэй холбогдуулан БНАСАУ-ын Цөмийн зэвсгийн хүрээлэнгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийснийг Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг /КСNA/ уламжиллаа.
Уг мэдэгдэлд “Солонгосын Хөдөлмөрийн намаас /СХН/ баталсан стратегийн цөмийн хүчийг бий болгох төлөвлөгөөний хүрээнд БНАСАУ-ын эрдэмтэн судлаачид болон техникчид хойд нутгийн цөмийн туршилтын талбайд өөрсдийн бүтээсэн цөмийн цэнэгт хошууны хүчин чадлыг тодорхойлох зорилгоор түүнийг дэлбэлэн туршлаа. Хойд нутгийн цөмийн туршилтын талбайн цөмийн судлаачид болон техникчдэд цөмийн цэнэгт хошууг амжилттай дэлбэлэн туршсанд СХН-ын Төв хороо халуун баяр хүргэж байна. Цөмийн цэнэгт хошууг Солонгосын Ардын армийн Стратегийн хүчний Хвасон их бууны ангийн стратегийн баллистик пуужингуудад суурилуулах боломжтой болон стандартчлагдсаныг энэ удаагийн цөмийн туршилт нотлон харууллаа.
Туршилтын явцад цацраг идэвхт бодис алдагдаагүй бөгөөд хүрээлэн буй орчин, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг цөмийн туршилтад хийсэн дүн шинжилгээ нотлон харуулж байна. Цөмийн хошууг стандартчилснаар задарч хуваагддаг янз бүрийн материалуудыг үйлдвэрлэж, ашиглах технологитой нэгэн компанитай хамтран илүү хүчтэй цохилт өгч чадахуйц авсаархан, хөнгөн бөгөөд төрөлжсөн цөмийн хошуунуудыг БНАСАУ хүссэнээрээ үйлдвэрлэх боломжтой боллоо. БНАСАУ-ын баллистик пуужинд цөмийн хошуу суурилуулах технологи илүү өндөр түвшинд хүрч хөгжсөн болохыг энэ удаагийн туршилт тодорхой харууллаа.
Цөмийн цэнэгт хошууг дэлбэлэн туршсан нь дайснууд өдөөн хатгасан тохиолдолд СХН болон Солонгосын ард түмэн өөрийгөө хамгаалахын тулд хариу арга хэмжээ авахад хэзээд бэлэн гэдгийн нэгэн нотолгоо боллоо.
АНУ тэргүүтэй дайсагнагч хүчнийхэн цөмийн аюул заналхийлэл хийх нь нэмэгдэж байгаа энэ үед БНАСАУ өөрийн нэр хүнд, оршин тогтнох эрх болон энх тайван байдлаа хамгаалах цөмийн хүчээ чанар болон тоо хэмжээний хувьд цаашид нэмэгдүүлэх арга хэмжээ авах болно” гэжээ.
Г.Доржханд