ХОВД: Зам тээврийн ослын 50-60 хувь нь 6-9 дүгээр сард бүртгэгддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-30 14:03:22

Жаргалант /МОНЦАМЭ/. Судалгаанаас үзэхэд жилд дунджаар 500 орчим хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээр тохиолдлын 50-60 хувь нь амралт зугаалгын үе буюу 6-9 дүгээр сард бүртгэгджээ.

Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, "Нэг зам-Нэг соёл" нөлөөллийн аян өрнүүлж эхэллээ.      

"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй тус нөлөөллийн аян 8 дугаар сарыг дуустал үргэлжилнэ. Ховд аймаг дээрх аянд нэгдэж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Амарч зугаалахаар хотоос хөдөө орон нутаг, орон нутгаас нийслэлийг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Зам тээврийн ослыг бууруулахын тулд иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэхээс татгалзах хэрэгтэй. Мөн хамгаалах бүс, малгай, хүүхдийн зориулалтын суудлын хэрэглээг нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.


Цаашид Ховд аймагт иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах бөгөөд орон нутгийн авто замын хяналт шалгалтыг эрчимжүүлэх юм.     

関連ニュース