Туркмен улсын Үндсэн хуулийг шинэчлэн баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАШХАБАД. /TASS/. Туркменистан улсын шинэ Үндсэн хуулийг өнөөдөр болсон парламентын хуралдаанаар баталсны дараа тус улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов хуульд гарын үсэг зурлаа.
Шинэ хуулиар, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 5 жилээс 7 жил болгон нэмэгдүүлснээс гадна төрийн тэргүүнээр сонгогдох хүний насны дээд хязгаарыг 70 нас болгож тогтоосон байна.
Түүнээс гадна, олон намын тогтолцоо, залуучуудын эрх үүрэг, олон нийтийн байгууллагуудын талаарх заалтуудыг нэмж оруулжээ. Шинэ Үндсэн хууль нь 8 бүлэг, 143 зүйлтэйгээс 28 нь шинээр оруулсан зүйл, 80 нь нэмэлт өөрчлөлт бүхий зүйл бол 35 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.
Үндсэн хуулийг боловсронгуй болгох үүрэг хүлээсэн комисс хоёр жилийн хугацаанд амжилттай ажиллалаа гэж парламентын нэгдсэн хуралдаанд оролцогчид сайшаажээ. Шинэ Үндсэн хуулийн төслийн анхны хувилбарыг 2015 оны 9 дүгээр сард танилцуулж байв.
Уг хуулийг боловсруулахад НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид оролцсон байна.
Х.Сарнай