ДОРНОД: Монгол Улсын шатрын спортын анхны аваргаар Д.Намсрай шалгарч байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-16 10:07:29

Чойбалсан /МОНЦАМЭ/. Монгол Улсын шатрын анхны аварга бол Дорнод аймгийн Булган сумын харьяат Дамдины Намсрай юм. Тэрээр 1948 онд зохиогдсон Монгол Улсын шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 13 шатарчнаас 9.5 оноогоор түрүүлж, шилжин явах мөнгөн цомоор шагнуулж байв.

 

1956 онд Улаанбаатар хотноо шатрын анхны олон улсын тэмцээн болоход Д.Намсрай амжилттай оролцож, спортын мастер цол хүртжээ. Тухайн үеийн Хөдөлмөр нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээн”-д зургаан удаа түрүүлж, Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд арван удаа оролцож, нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлэхдээ нийт 163 өрөг тоглосон байдаг.

 

Д.Намсрай зөвхөн шатарчин төдийгүй 1940-1948 онд БНМАУ-ын Тээврийн сайдаар  ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн юм. Түүнийг "Сайд Намсрай" гэж дууддаг байсан гэдэг.

 

Дөч гаруй жил шатартай нөхөрлөсөн тэрээр 1907 онд Дорнод аймгийн Булган сумын нутагт төрсөн бөгөөд 1943 онд Дорно дахиныг судлах институт төгсчээ.

関連ニュース