ТУЗ-ийн дарга таалал төгссөний дараа Лукойлын хувьцааны үнэ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН, 2023 оны
аравдугаар сарын 25/CNN/. Оросын газрын тосны хоёр дахь том компани болох Лукойлын ТУЗ-ын дарга мягмар гарагт 66 насандаа гэнэт
таалал төгсжээ.
"Владимир Иванович Некрасов гэнэт таалал төгссөнд бид гүнээ эмгэнэн харамсаж байна. Эмч нарын
урьдчилсан оношилсноор зүрх судасны цочмог дутагдлын улмаас насан эцэслэжээ" гэж тус компанийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
В.И.Некрасов
газрын тос, байгалийн хийн салбарт 50 орчим жил ажилласан
бөгөөд тэрбээр өмнө нь Лукойл компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч,
ерөнхийлөгчийн зөвлөхийн албыг тус
тус хашиж байсан аж.
Түүний өмнөх ерөнхийлөгч Равиль Маганов жил гаруйн өмнө Москвагийн эмнэлгийн цонхоор унаж таалал төгссөн гэж Оросын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. Р.Маганов нас барсныг "Лукойл" компани 2022 оны есдүгээр сард баталж, "хүнд өвчний улмаас таалал төгссөн" гэж мэдэгдсэн байсан бөгөөд түүний цонхоор унасан талаар огт дурдаагүй юм.
В.И.Некрасов таалал төгссөн тухай мэдээлэл гарсны дараа Лукойл-ын хувьцааны үнэ буурчээ. Москвагийн биржид орон нутгийн цагаар мягмар гаргийн
14:35-д 7465.5 рублийн (өмнөх өдрийн хаалтын ханшаас +0.04%) ханштай байсан хувьцаа 14:50-д 7417 рубль (-0.61%) болж буурсан байна.
Үнэ нь буурсан хувьцаа маш хурдан арилжаалагдаж, 15:37 цагийн байдлаар үнэ 7420 рубль болсон байлаа.