БАЯН-ӨЛГИЙ: 28.7 мянган иргэн төрийн үйлчилгээг цахимаар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-28 11:20:18

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төрийн цахим үйлчилгээний ХУРДАН цэг болон сумдын И-Монгол хариуцсан операторууд тухайн онд 28730 иргэнд 78 төрлийн үйлчилгээ үзүүлжээ.


Үүнээс 15701 иргэн төрийн үйлчилгээний ХУРДАН цэгүүдээс, 12751 иргэн сумдын И-Монголиа цэгээс, 278 иргэн "Монгол шуудан" компаниар дамжуулан үйлчилгээ авсан байна.


Иргэдийн цахимаар авсан төрийн үйлчилгээнүүдийн зарим төрлөөс нь дурдвал, 2936 иргэн иргэний үнэмлэхийн лавлагаа, 1389 иргэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 1204 хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 873 иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 709 иргэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолтыг тус тус авчээ. Мөн 1035 гадаадын иргэний бүртгэлийг цахимаар хийж, 904 тээврийн хэрэгслийн татварыг, 501 хүн авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлсөн аж.


“ХУРДАН цэгийг үе шаттайгаар байгуулж, тухайн цэгүүдээр дамжуулан 40 гаруй төрийн байгууллагын 440 төрлийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулсан. Мөн 1100 гаруй иргэн, төрийн албан хаагчид цахим ур чадвар олгох сургалт явуулж мэдлэгийг нь дээшлүүллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан ажлын баг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт ирж танилцуулж, холбогдох сургалт, судалгаа, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг амжилттай зохион байгуулав.

Цаашид иргэдэд бүх сумаас төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээн Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан хэлэв.  


関連ニュース