Р.Надаль эргэн ирснийхээ дараах анхны хожлоо авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БРИСБЭН, 2024 оны нэгдүгээр сарын 3 /interfax/. Дэлхийн чансааг тэргүүлж байсан Испанийн теннисчин Рафаэль Надаль Австралийн Брисбэн хотод болсон теннисний тэмцээний эхний тойргийн тоглолтод Австрийн Доминик Тимийг хожлоо.
Тоглолт 7:5, 6:1 онооны харьцаатай Р.Надалийн хожлоор өндөрлөв.
Өдгөө 37 настай Надалийн хувьд бэртлийн улмаас бараг бүтэн жил завсарласны дараах анхны тоглолт байлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сарын 18-нд Австралийн нээлттэй тэмцээнд тоглож, Америкийн Маккензи Макдональдад хожигдсон юм. Үүний дараа тэрбээр тэмцээнд оролцохоос татгалзаж, улмаар гэмтлийн улмаас улирлыг эрт дуусгасан билээ.
Р.Надаль одоо Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) чансааны 672-т, Д.Тим 98-д бичигдэж байна. Р.Надалийн дараагийн өрсөлдөгч нь дэлхийн чансааны 102-т эрэмбэлэгдэж буй Австралийн Жейсон Кублер.
Брисбэний тэмцээн бол ATP-250 ангиллын цуврал тэмцээний нэг бөгөөд шагналын сан нь 661.5 мянган доллар юм.