Японд гамшгийн уршгийг арилгаж буй цэргийн тоог нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-01-06 13:51:18

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 6 /RT/. Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн бүсэд ажиллаж буй Өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүний тоог 5 мянгад хүргэж нэмэгдүүлсэн тухай Японы Батлан хамгаалах яамны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.


Өөрийгөө хамгаалах хүчний 4600 алба хаагч гамшгийн бүсэд ажиллаж байна гэж өмнө нь мэдээлж байсан юм.


"Хуурай замын цэргийн өөрийгөө хамгаалах хүчний 3150 хүн, 19 нисэх онгоц, Тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчний 1100 хүн, 9 хөлөг онгоц, 3 нисэх онгоц, Агаарын цэргийн өөрийгөө хамгаалах хүчний 760 алба хаагч, 12 эрэлч нохой, 11 нисэх онгоц буюу нийт 5000 хүн, 9 хөлөг онгоц, 12 нохой, 30 нисэх онгоц гамшгийн бүсүүдэд ажиллаж байна" гэж тус яамнаас мэдэгджээ.


Өөрийгөө хамгаалах хүчнийхэн 164 хүнийг аварч, 5100 багц хоол хүнс, 120 тонн ус нийлүүлж, муж, улсын чанартай таван замд үүссэн нурингийг цэвэрлэсэн байна.


2024 оны эхний өдөр Японы баруун эрэгт орших Ишикава мужийн Ното хойгт цуврал газар хөдлөлт болсон бөгөөд хамгийн хүчтэй нь 7.6 магнитуд байжээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2011 оноос хойш анх удаа Ишикава мужид том хэмжээний цунами үүсэх аюул нүүрлэж, Японы баруун эрэгт цунамийн түгшүүр зарласан байна. Эрэг хавийн зарим газарт 4.2 метр өндөр цунами үүсжээ. 


Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 110-д хүрч, 516 хүн гэмтэж бэртжээ. Одоогоор 200 хүн сураггүй хэвээр байна. Мөн 365 гаруй байшин нурж, сүйдсэн байна.  


Ишикава мужид 66 мянган өрх усгүй, 23 900 гаруй өрх гэрэл цахилгаангүй хэвээр байна. Тус мужид түр байрлуулах 370 цэг нээж, 31 400 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

関連ニュース