СҮХБААТАР: Улсын мэргэдээр ахлуулсан сур харвааны тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны тавдугаар
сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын мэргэдээр ахлуулсан 128 харваачийн
тэмцээн зургаадугаар сарын 1-нд
Баруун-Урт суманд болно. Сүхбаатар аймгийн
Үндэсний сурын холбооны санаачилгаар улсын хэмжээнд анх удаа зохион байгуулах тус тэмцээнд Монгол
Улсын мэргэн цолтой 24 харваач
оролцохоо мэдэгджээ.
Тодруулбал, Монгол Улсын дархан мэргэн гурав, даяар дуурсах
мэргэн гурав, даян мэргэн долоо, Монгол Улсын мэргэн арав, дөрвөн хүндэт мэргэн ирэхээр болсон байна.
Тэмцээнд эрэгтэй 64, эмэгтэй 64 харваач оролцоно. Цолынхоо эрэмбээр харваачдаас амалж, нийт арван сум тавих бөгөөд хамгийн их оносон харваач дараагийн амаа авах байдлаар үргэлжилнэ.
"Энэ бол манай холбооны олон жил төлөвлөж, хүлээж байсан тэмцээн. Улсын бүх мэргэн ингэж нэг дор тэр тусмаа орон нутагт чуулж байсан
удаагүй. Тиймээс маш том тэмцээн гэж
ойлгож болно. Нөгөө талаар
орон нутгийн шинэ залуу харваачдаа тэдгээр мэргэдээс суралцаасай, үлгэр жишээ аваасай гэж хүсэж байгаа. Мэргэдийн авшгийг
шингээж, урам зориг, эрч хүчийг нутагтаа
авч үлдэнэ гэдэг ховор завшаан" гэж Үндэсний сурын холбооны тэргүүн Э.Сансартайван хэллээ.
Үндэсний спорт
тэр дундаа сурын спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад аймгийн Сурын холбоо идэвх санаачилгатай ажилладаг. Тодруулбал, харваачдаа чадавхжуулах зорилгоор МУГТ,
дархан мэргэн Ц.Хүдэрчулуунтай нэг жилийн гэрээ
байгуулж, дасгалжуулагч багшаар ажиллуулж байна. Мөн өнгөрсөн жилээс аймгийн БТСГ-ыг үндэсний сурын дасгалжуулагчийн орон тоотой болгож, Монгол
Улсын мэргэн Л.Одсайхан хүүхэд багачуудад зориулан дугуйлан хичээллүүлж эхэлжээ.
Тус аймагт сурын спортоор хичээллэдэг 200 харваач
байдгаас гадна ихэнх сум сурын холбоотой болж, үндэсний их баяраа эрийн гурван наадамтай
хийдэг болж хэвшсэн байна.