Шибүяа дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-06-04 14:13:41

ТОКИО, 2024 оны зургаадугаар сарын 4 /CNN/. Японы нийслэл Токио хот дахь жуулчдын очих дуртай дүүргүүдийн нэг болох Шибүяад согтууруулах ундааг олон нийтийн газарт хэрэглэхийг хориглох замаар зүй зохисгүй үйлдлүүдийг зогсоохоор болжээ.


Ирэх 10 дугаар сараас хэрэгжиж эхлэх уг журмын дагуу Шибуяа дүүргийн гудамж, олон нийтийн газруудад оройны 18:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм. Японд 20-иос дээш насны хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг.


Шибүяа нь Токиогийн өөрөө удирдах эрхтэй дүүрэг тул дүрэм зохицуулалтыг өөрөө хийх боломжтой юм. Дүүргийн дарга Кен Хасебе саяхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “Бид сүүлийн нэг жилийн хугацаанд эргүүл болон бусад хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн боловч “дүрэм журамд уухыг зөвшөөрдөг биздээ” гэж хэлэх хүмүүстэй тулгарсаар ирсэн. Иймд шинэ журмыг гаргаснаар бид хүмүүс ресторанд согтууруулах ундаа хэрэглэх нь илүү дээр гэсэн дүүргийн санаа зорилгыг эргүүлийн үеэр хүргэхийг хүсэж байна” гэж хэлжээ.


Энэ мэдээ нь оршин суугчдын хувьд гэнэтийн биш байж магадгүй юм. Өнгөрсөн намар Шибүяа дүүрэгт Сүнсний баяртай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглосон бөгөөд ийм шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь согтууруулах ундаа байжээ. Тухайн үед баар, ресторанаас гадуур согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. К.Хасебегийн хэлснээр, нутгийн бизнес эрхлэгчид уг журмыг дэмжиж байгаа ажээ.

関連ニュース