ДОРНОД: Хараа цуцам Мэнэнгийн их тал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Яруу найрагч Б.Явуухулан “Бугуйл хаях ойроос нар мандах нь сонин, бууж үдлэх холоос айл нь харагдах нь хачин...” хэмээн Мэнэнгийн талын тухай шүлэглэсэн нь бий.
Мэнэнгийн тал бол Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших, Монгол орны хамгийн том тэгш тал юм. Номхон далайн ай савд багтдаг бөгөөд байнгын урсгалтай гол мөрөнгүй, газрын доорх усны нөөцтэй бүс нутаг.
Хил
заагийн хувьд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум бүхэлдээ, Сүхбаатар сумын зүүн
урд хэсэг, Асгат сумын зүүн болон зүүн урд хэсэг, урд хэсэг, Дарьганга сумын
зүүн хойд хэсэг, Дорнод аймгийн Матад сум бүхэлдээ, Халх гол сумын баруун хэсэг,
Баянтүмэн сумын урд хэсэг, Булган сумын зүүн урд хэсгийг хамран нийт 53371,6 хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн оршдог.
Бэлчээрийн
ургамал, зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн унаган
төрхөө хадгалан үлдсэн том тал юм. Цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг
бөгөөд жил бүр олон зуугаараа сүрэглэн ирж өвөлждөг. Нэн ховордсон цэн тогоруу, цагаан тогоруу,
гургуул, тоодог зэрэг олон зүйл шувуудтай. Түүнчлэн
Монголын улаан номд
орсон бүх ургамлын 10 орчим хувь ургадаг.