Apple компани 95 сая ам.доллар төлөхийг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 5 /BBC/. "Siri" дуут туслахаар дамжуулан хувийн яриаг зөвшөөрөлгүй бичиж, зар сурталчилгааны компаниудад дамжуулсан хэмээн гомдол гаргасан хэсэг хэрэглэгчийн нэхэмжлэлийг барагдуулахын тулд Америкийн “Apple” компани 95 сая ам.долларыг хэрэглэгчдэд төлөхийг зөвшөөрчээ.
Siri-г санамсаргүй идэвхжүүлсний дараа хувийн яриаг нь тогтмол бичиж, дараа нь гуравдагч этгээд, тодруулбал зар сурталчилгаа гаргагчдад дамжуулдаг гэж тус компанийн үйлдвэрлэдэг ухаалаг гар утасны хэрэглэгчид шүүхэд гомдол гаргасан байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, “Apple” компани хувийн нууцлалыг алдагдуулснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх тохиролцооны хүрээнд гомдол мэдүүлсэн хэрэглэгч бүр Siri дуут туслах бүхий гар утас бүрийн тоогоор 20 долларын нөхөн төлбөр авах ажээ.
“Apple” компани буруутай гэдгээ, мөн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр Siri идэвхэжсэний дараа бичигдсэн яриаг гуравдагч этгээдэд дамжуулсан эсвэл устгаагүй" гэж буруутгасныг үгүйсгэжээ. Тус компанийн өмгөөлөгчид мөн "2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд бичигдсэн “Siri”-гийн дуут бичлэгүүдийг бүрмөсөн устгасан гэдгийг нотолно" гэж мэдэгдсэн байна.
Харин гомдол гаргагчдын зүгээс, “Siri”-г идэвхжүүлэх “Hey, Siri” хэмээх түлхүүр үгийг хэрэглэлгүйгээр санамсаргүй байдлаар идэвхжүүлсэн хүмүүсийн яриаг тус компани бичиж авсан гэж мэдэгдэж байгаа юм.
Гомдол гаргагчдын ярьснаар, бичлэгийг хүлээж авсан зар сурталчилгааны компаниуд түлхүүр үгсийг хайж олоод тодорхой хэрэглэгчид рүү чиглэсэн зар сурталчилгааг хийх боломжтой ажээ.
Гомдол гаргасан хүмүүсийн нэг болох Фумико Лопес ярихдаа, тэрбээр охинтойгоо "Air Jordans" гэх зэрэг зарим бүтээгдэхүүний талаар ярилцсаны дараа тэдэн рүү чиглэсэн зар сурталчилгааг явуулсан гэжээ.