УВС: Дөрвөд далай ханы хэрэглэж байсан эмээлийн мод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-30 15:42:01

Улаангом, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Увс аймгийн музейн сан хөмрөгт Дөрвөд далай хан Г.Түмэндэлгэржавын хэрэглэж байсан эмээлийн мод хадгалагдаж байна.


Гадаад хийцийн хувьд XIII зууны эмээлийн хэлбэртэй төстэй уг эмээлийн модны урд, хойд хоёр бүүргийг модны ураар, хавтсыг улиас модоор хийж, бүүргийн модтой ширхэг зөрүүлж наасан байна. Тэмээний үдээрээр холбосон битүү ястай хоёр бүүргийн нүүрэн хэсэгт зандан мод зүүж, ирмэгээр нь бугын ясаар 2 см өргөн битүү алхан хээ сийлсэн байх бөгөөд гол буюу дөрвөн өнцөгт зааны ясаар ногоон өнгийн цэцгэн хээ урлаж наажээ.


Хярыг ногоон өнгийн бугын ясаар хийж, 230 ширхэг ясан хадаасаар битүү хадсан байна. Уг эмээлийн модыг одоогийн Увс аймгийн Түргэн сумын нутагт XIX зууны сүүл, XX зууны эхэн үед Дөрвөд далай ханы алдарт дархан Арьсан-Хавдар, Хомхой нар хийсэн гэж үздэг байна.


Эмээлийн модыг Дөрвөдийн хошуу, одоогийн Бөхмөрөн суманд хадгалаж байгаад Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд худалдагдсан байсныг музейн ахмад ажилтан Б.Самбуу 1954 онд сурвалжлан олж, худалдан авч аймгийн музейн сан хөмрөгт оруулсан түүхтэй юм.

"Музей нь соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага. Иймээс манай хамт олон соёлын биет өв болсон бүхий л үзмэрүүдийнхээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулан аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна" хэмээн аймгийн Музейн сан хөмрөгч Б.Цэнд-Аюуш хэллээ.

関連ニュース