Чингис хотын иргэдтэй уулзаж, парламентын бодлого, үйл ажиллагааг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Мандхай, Ш.Бямбасүрэн, У.Отгонбаяр нар Хэнтий аймгийн Чингис хотод өнөөдөр ажиллалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд парламентаас хэрэгжүүлж буй бодлого, хаврын чуулганаар хэлэлцэн батлах хууль тогтоомжийн талаар танилцууллаа. 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент анхны намрын чуулганаар эдийн засгаа өсгөн тэлэх үр дүн бүхий дөрвөн томоохон төслийг хөдөлгөх алхмыг хийсэн нь 30 жил гацсан төслүүд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн хэмээн онцлов. Тэрбээр иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр энэ УИХ онцгой анхааран ажиллаж байгааг тэмдэглээд, өнөөдөр нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, 70 гаруй хувь нь журмаар зохицуулж байгааг дурдав. Тиймээс байгууллага төвтэй энэ байдлыг эрс өөрчилж, 3000 гаруй журмыг цэгцлэх ажлыг УИХ, хавар намрын чуулганаар хийхээр төлөвлөж байгааг хэллээ.
УИХ-ын дарга бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд
Хэнтий аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгох, бүс нутгийн онцлогт
тохируулан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг ХАА-н
салбарыг хөгжүүлэх өргөн боломж бий гэлээ. Ийнхүү УИХ энэ хаврын
чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдэд иргэдийнхээ санал бодлыг
тусгахаар ажиллаж байна. УИХ-ын
дарга Чингис хотод ажиллах үеэрээ ахлах ангийн сурагчидтай уулзав. Тэд ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах
хугацааг 2028 он хүртэл хойшлуулсан нь суурь мэдлэгээ бататгах, шалгалтдаа
бэлдэх хугацаа олгосонд талархаж буйгаа илэрхийлэв.
Ахлах ангийн сурагчдын тухайд анги
танхим, ном, дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл, ариун цэврийн өрөөний
тав тух, нарийн мэргэжлийн багш нарын дутагдал, интернэтийн хурдны
асуудлыг хөндөж шийдвэрлэж өгөх хүсэлтээ илэрхийлэв. Уулзалтад Хэнтий аймгийн
Чингис хотын таван сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож санал
хүсэлтээ илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас
мэдээллээ.