“Нээлттэй парламент” хөтөлбөрөөс шалгарсан оюутнууд УИХ-д үргэлжлүүлэн дадлагажина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, энэ төрлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.
Уг ажлын хэсгээс “Нээлттэй парламент” хөтөлбөрийг нэг сарын хугацаанд зохион байгуулж, дотоод гадаадын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 100 шилдэг оюутныг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулсан юм. Энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн дээрх 100 оюутнаас хоёрдугаар шатанд 30 оюутныг сонгож, “Parliament internship” хөтөлбөрийг дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Тус хөтөлбөрийн нээлт өнөөдөр болж, тэдгээр оюутан энэ сарын 10-наас долоодугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд УИХ-ын Тамгын газар, түүний дэргэдэх байгууллагад цалинтай дадлага хийхээр болов.
Оюутнууд энэхүү
хөтөлбөрт хамрагдсанаар хууль
тогтоох үйл явцтай биечлэн оролцох, Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль
тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд,
албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын
Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн
үйл ажиллагаанд оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.