ДАРХАН-УУЛ: Алтан хурганы эзэн Орхон сумаас тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-03 13:53:52

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран шалгаруулдаг “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит Алтан төлийн эзэн Орхон сумаас тодорчээ. 


Мал төллөх цагаар тодруулдаг уг нэвтрүүлгийн алтан хурганы эзнээр Орхон сумын Энхтал багийн малчин Мятавын Сайнбуян шалгарсан тул батламжийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал гардуулав.




Орхон сумын Энхтал багийн малчин Мятавын Сайнбуян нь 35 жил мал маллаж, монгол үүлдрийн хонь, адуу, сэлэнгэ үүлдрийн үхэр, алтайн улаан үүлдрийн ямаа зэрэг эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхааран ажиллаж байна.




Мөн малынхаа ашиг шимийг хүртэх, нэмэгдүүлэх зорилгоор зах зээлд гаргаж, өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан зэрэг үзүүлэлтийг харгалзан 21 аймгийн малчдаас хөдөлмөр зүтгэлээрээ шалгарч ийнхүү алтан төлийн эзнээр шалгарчээ.


Ташрамд, "Алтан төлийн эзэн"-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шагнадаг болсноороо онцлогтой юм.

関連ニュース