ЕАБХАБ Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн урьдчилсан дүгнэлтээ танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-07 14:55:41

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын санхүүжилтийн газрын дарга Н.Булгамаа нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт хүний эрхийн албаны Хуулийн мэргэжилтэн Надя Сирэнко, Сонгуулийн зөвлөх Горан Пэтров, Улс төрийн намын Үндсэн багийн гишүүн Фэрнандо Касал Бэртоа нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн алба (АИХЭА) Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт хийж буй. Уг хууль олон улсын стандарт, ЕАБХАБ-ын хэмжигдэхүүнд нийцэж байгаа эсэхэд анхан шатны үнэлгээ хийх зорилготой байгаагаа төлөөлөгчид танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт хийх хүсэлтийг хүлээн авсанд талархал илэрхийлээд, хуулийг сайжруулах санал боловсруулах, улс төрийн намын үйл ажиллагааны болон санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд уг дүгнэлт ач холбогдолтойг онцлов. Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад шаардлагатай хүний нөөцийг бэхжүүлэх, улс төрийн намын санхүүжилтийн цахим систем нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцуулсан юм.

Энэ удаагийн уулзалтаар Улс төрийн намын тухай хууль, хэрэгжилтэд тулгарч буй асуудлаар төлөөлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл авав.  Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн урьдчилсан дүгнэлтээ маргааш Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулах олон улсын семинарын үеэр танилцуулахаа илэрхийллээ. Эцсийн дүгнэлт бэлтгэхдээ дахин Монгол Улсад ажиллахаа мэдэгдсэн юм.


Монгол Улс Ази тивээс анх удаа Нээлттэй Засгийн түншлэл (OGP)-ийн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод нэгдсэн. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлыг хангах, тайлангийн цахим системийг нэвтрүүлэхэд олон улсын туршлага хуваалцахаар Нээлттэй засгийн түншлэл, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси Интэрнэшнл, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ирсэн. Улмаар энэ сарын 8, 9-нд тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох, олон улсын туршлага судлах семинар зохион байгуулах юм. 

関連ニュース