УВС: Нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-25 16:55:37

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын газар хамтран “Нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэлээ.


Энэ хүрээнд салбарын ажилтнуудыг хамруулсан баярын хурлыг зохион байгуулсан бөгөөд нээлтэд аймгийн удирдлагууд, нийгмийн салбарын ажилтан, албан хаагчид оролцлоо. Тус салбарын тэргүүний ажилтнуудад төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнагдсаныг гардуулан өгсөн юм.


Мөн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, хүний нөөцийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнөж, хамт олны дунд урам зориг, эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн үйл ажиллагаа боллоо.


Тус үйл ажиллагаа нь зөвхөн баярын чанартай бус, салбарын хөгжил, шинэчлэлд ажилтан бүрийн оролцоо, манлайллыг чухалчилсан, хамтын үнэ цэнийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог байна.


Энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон 13 сая төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын газрын хамт олны тус бүр 10 сая төгрөгийг Увс аймгийн 100 жилийн ойн баярт зориулан хандивлалаа.


Тус салбарт аймгийн хэмжээнд 150 гаруй хүн ажиллаж байна. 



関連ニュース