Гурван байршилд явган хүний зам засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-05-17 13:46:51

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ онд нийслэлд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. 

Одоогоор 9 байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, гурван байршилд явган хүний зам засварын ажлыг эхлүүлээд буй. Мөн үлдсэн зургаан байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.


Энэ талаар нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /НХОГ/-ын Барилгын хяналтын инженер Ж.Мөнхнаран “Энэ онд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Үүнээс Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл нийт 11.6 км урт явган хүний замыг дөрвөн багц ажилд хуваан нээлттэй тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Ийнхүү өнөөдрийн байдлаар гурван байршилд шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна” гэв.


Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 1 дүгээр багц ажлыг “Бадрах инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явцын талаар тухайн компанийн Талбайн инженер Э.Энхтүвшин “Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй. Мөн уг чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр 4 метр өргөн хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийж байна” хэмээлээ. 


関連ニュース