Нийслэлд ашиглалтын шаардлага хангаагүй 150, их эрсдэлтэй 488 цахилгаан шат байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-09 09:33:00

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд байдаг орон сууц, албан байгууллагын цахилгаан шатны ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдлыг нийслэлийн Хяналт шалгалт газраас шалгаж эхэллээ.


Хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8524 цахилгаан байдаг гэсэн статистик бий. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 цахилгаан шат байгаа бол 488-д нь их эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Лифтний ашиглагдах хугацаа дунджаар 20 жил байдаг бөгөөд эвдрэл гэмтэл гарвал тухайн байрны СӨХ цаг алдалгүй засаж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч оршин суугчдын СӨХ-ны төлбөр төлөлттэй холбоотойгоор засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийж чаддаггүйг албаныхан хэллээ.


Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр, “Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор Улаанбаатар хотод ашиглаж байгаа албан байгууллага, орон сууцуудад энэ жил хоёр удаа үзлэг, шалгалт хийлээ. Шалгалтаар шаардлага хангахгүй болон эрсдэл ихтэй 488 цахилгаан шат байгааг тогтоосон. Энэ хүрээнд дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох СӨХ-дод  лифтнүүдээ шинэчилж, засах мэдэгдэл хүргүүлсэн” гэв.


Нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд найм, 2024 онд 35 цахилгаан шат шинэчилсэн бол өнөө жил 42-иг шинээр суулилуулж байгаа ажээ.  



関連ニュース