Хагас кокс шахмал түлшийг 400 цэгээр борлуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-09 15:29:52

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 400 цэгээр өнөөдрөөс 2475 тонн шахмал түлш болон хагас кокс шахмал түлшийг борлуулж эхэллээ.


Үүнээс 1535 тонн нь мидлингэн шахмал бол 940 тонн нь хагас коксжуулсан түлш байгаа юм. Хагас кокс шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулна. Хэрэглэгчид “Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой. 


Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нэгдсэн мэдээлэл өгөхдөө, “Энэ жил 306 мянган тонн хагас кокс түлш худалдан авч нийлүүлнэ. Үүнээс аравдугаар сард 62 мянган тонныг оруулж ирэх юм. Улмаар сар бүр 50-60 мянган тонныг нийлүүлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сар гэхэд 306 мянгыг бүрэн татахаар төлөвлөсөн. Одоогоор Тавантолгой түлш дээр 12 мянган тонн хагас коксжуулсан нүүрс бэлэн байна. Өчигдөр Үндэсний хороо хуралдаж 400 борлуулалтын цэгээр түлшээ борлуулахаар шийдсэн.


Өнөөдрийн байдлаар 1500 тонн сайжруулсан түлш, 950 тонн хагас коксжуулсан түлшийг худалдаанд гаргалаа. Иргэд сонголтоороо түлшээ авч, хэрэглэж болно. Иргэд коксжуулсан түлшийг илч өндөртэй учраас ул, ширмийг хайлуулна гэх ташаа мэдээлэлтэй байсан. Ийм асуудал гарахгүй.


Хагас кокс түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулах боломжтой гэх судалгааг хийсэн. Улмаар бид цаашид НҮБ-тай хамтран агаарын бохирдол доторх хүнд элементүүдийг судалж, бууруулна” гэлээ.


Ташрамд дурдахад, энэ жил 172 мянган айлыг угаар мэдрэгчийн хяналтын төвтэй холбохоор болжээ. Угаар мэдрэгдсэн айлууд руу таван хормын дотор утсаар холбогдож анхааруулга өгнө. Утас нь холбогдохгүй бол 5-7 минутын дотор шуурхай баг очиж шалгахыг албаныхан хэллээ. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр өдөр бүр 30-64 вагон шахмал түлш бууж байна. Нийслэлийн долоон дүүрэгт Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүлжээ. 


Нүүрсээс хий, шингэн, хатуу түлш гаргаж авдаг. Ингэхдээ хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах технологи ашигладаг. Хагас коксоос ахуйн түлш гаргаж авдаг. Нүүрсийг шатаах явцад дулааны задралд орсноос агаарын бохирдол, угаар, муухай үнэр ихээр үүсдэг. Харин түүхий нүүрсийг үйлдвэрийн нөхцөлд дулааны задралд оруулаад хагас кокс нүүрс болгохдоо хорт бодисыг нь ялгаж авдаг. Тиймээс хагас кокс бол хатуу түлшин дотроо хамгийн цэвэр түлшид тооцогддог байна.









関連ニュース