15.4 кг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг устгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-09 16:11:27

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газраас “Өндөг, мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу шалгалт хийж эхэлжээ.


Ингэхдээ хилийн боомт бүхий 11 аймаг болон нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байгаа юм. Энэ хүрээнд өндөг, мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа эрхэлдэг гурван аж ахуйн нэгж, дөрвөн иргэний үйл ажиллагааг шалгахад “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг зөрчсөн, хэрэглэх, хадгалах хугацаа тодорхойгүй, зургаан нэрийн 247 мянган төгрөгийн үнэ бүхий 15.4 кг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг устгаж, 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл  ноогдуулжээ.


Түүнчлэн 42 нэр төрлийн 2026 ширхэг, 47.8 кг импортын мэдэгдэлгүй өндөг, гахай, тахианы мах, загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг битүүмжилж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн аж.

Хилийн боомт бүхий 11 аймгийн шалгалт үргэлжилж байна.








関連ニュース