СЭЛЭНГЭ: Төвөөс зайдуу амьдардаг малчдын хүүхдүүд шинэ сургуультай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-16 13:57:18

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарнийн 8 дугаар багт шинэ сургууль барихаар шав тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.

 

Тус бага сургуулийн захирал Д.Зэмбээ энэ үеэр хэлэхдээ, “Гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль гэсэн яамны бодлогыг хөдөөгийн малчид, эцэг эхчүүд, бага насны хүүхдүүд ойлгож, хүүхдүүд ижий аавдаа, залуу малчид гэр бүлдээ ойрхон, айл гэрийн амьдрал халуун дулаан, хамтдаа амьдрах олон давуу тал бий болж байгаад баяртай байна” хэмээн онцолж байв.

 

Боловсролын яам, Хаан банк сан, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ хамтран хэрэгжүүлдэг "Багийн бага сургууль" хөтөлбөрийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 4 бага сургууль барихаар төлөвлөжээ. Энэхүү ажлынхаа хүрээнд монгол орны өнцөг булан бүрд очиж, 60 гаруй багт ажиллан, судалгаа хийсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнгөрсөн долоодугаар сард тус судалгааны багийнханд Тарни багийн сургуулийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж, шинэ сургуулийн барилга нэн шаардлагатай байгаа талаар хэлж байсан юм.


Тус сургуулийн барилгын гүйцэтгэгчээр "Бүрэн одод" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2026 оны 1 дүгээр сарын 1-нд  хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Шинэ онтой зэрэгцэн Тарни багийн багачууд шинэ сургуульдаа тохилог, дулаан орчинд хичээллэх болж байна.


Одоогийн Тарнийн сургууль, цэцэрлэгийн цогцолборт 25 багш ажилчин, 110 гаруй хүүхэд сурч, хүмүүжиж байгаа юм.


Ийнхүү төвөөс зайдуу амьдардаг өрхийн хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан 75 хүүхдийн багтаамжтай сургуулийг барьж байна.

 

Энэ сургууль нь цогц бөгөөд дотроо нойлтой, хүүхдүүдийн суух сандал ширээ, сурах орчин бүгд орчин үеийн гэдгээрээ онцлогтой гэдгийг гүйцэтгэгч компаниас тайлбарлаж байв.

 

関連ニュース