Нялхсын эндэгдэл 44 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр нялхсын эндэгдэл 2016 оны эхний 10 сарын байдлаар 31 болж, энэ нь өнгөрсөн оноос 8 хүүхдээр буюу 44,4 хувиар өссөн байна. Харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 байгаа нь өмнөх онтой адил түвшинд байна.
Тэгвэл сүүлийн 10 сарын хугацаанд нялхасын эндэгдэл яагаад ийм өсөлттэй байгаа уг шалтгааны талаар аймгийн Эрүүл мэндийн газрын анхан шатны эрүүл мэнд, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, клиникийн профессор Ж.Нарандэлгэрээс тодрууллаа. Тэрээр “эндэгдлийн дийлэнх хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа. Үүн дотроо эрт нярай болон дутуу нярайн эндэгдэл зонхилдог. Дутуу нярайн хувьд ихэвчлэн амьсгал хямралын байдлаас шалтгаалж энддэг. Энэ нь эхчүүд жирэмсний хяналтандаа эрт ороогүй, эмчээсээ байнга заавар зөвлөгөөг авч байгаагүйтэй холбоотой. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс эхчүүд жирэмслэхийн өмнөх үеэс эхлээд төрөн төртлөө өөрийн эрүүл мэндийг маш сайн хангах хэрэгтэй. Дараагийн шалтгаан бол уушигны хатгалгаа хүндэрч эндэх тохиолдол их байгаа. Энэ нь нийт эндэгдлийн 29,1 хувийг эзэлж байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхлдээ ямар нэг өвчиний шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлэгт ханддаг, өөрсдөө эрүүл мэндийн зохих мэдлэгтэй байх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд амьсгалын замын өвчлөл ихсэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байгаа хэдий ч түүнийг төдийлөн хэрэгжүүлж чадахгүй байна” гэсэн тайлбарыг өглөө.
Нийт эндэж байгаа хүүхдүүдийн 45,1 хувийг нярай, 38,7 хувийг 29 хоногоос 1 нас хүртэлх, 16,1 хувийг 1-5хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Т. Одончимэг